Энэ сарын дундуур Европын холбооныхон Грекийг өөрсдийн нэгдлээс хасах эсэхийг шийдэх гэж буй. Хэрэв Грек улс Евро бүсээс гарвал яах вэ? Энэ асуултын хариуг эрэлхийлж, учирч болох эрсдэлүүдийг танилцуулъя.
Өр
Хэрвээ Грек Евро бүсээс гарвал дотоодын нийт бүтээгдэхүүнээс нь хоёр дахин их болсон, дааж давшгүй их өрөө хэрхэн төлөх нь хувийн асуудал болно. Олон улсын валютын сан тэднээс нүүр буруулаад удаж байгаа. Мэдээж тэдэнд Европын төв банк, Европын холбоо туслахгүй. Улмаар евро мөнгөн тэмдэгтээс татгалзаж, урьдын драхмагаа дахин хэвлэх, хэрэглэх шаардлагад тулна. Засгийн газар нь Европын холбоо болон ОУВС-гаас зээлсэн 240 тэрбум еврог ямар аргаар буцаан төлөхөө хэлэлцсээр цаг авах биз. Ямартай ч ойрын таван жилд өр эцэслэхгүй гэдгийг шинжээчид хэлж байна. Грекийн Засгийн газрын томоохон зээлдүүлэгч Төвбанкийг дампуурал хүлээж буй.
Уналт
Зөвхөн Төвбанкийг бус, Грекийн арилжааны банкууд уналтын зүг хөвж явна. Иргэд банкинд мөнгө хадгалуулахаа болиод удаж байгаа. Бизнесүүд ч сульдаж эхэлсэн. Тус улсын импортын дийлэнхийг хоол хүнс болоод эмийн бүтээгдэхүүн эзэлдэг. Хэрэв драхма мөнгөн тэмдэгтээ хэрэглэвэл, эхний хэдэн сард дээрх бүтээгдэхүүнүүдийн үнэ жолоогоо алдах эрсдэл буй. Мөн эдийн засгийнх нь гол хөдөлгөх хүч аялал жуулчлалын салбар сүйрч эхэлсэн. Улс төрийн таагүй нөхцөл, санхүүгийн хямрал, ажилгүйдлээс үүдсэн иргэдийн бухимдал эмх замбараагүй байдал үүсгэж буй учраас тус улсыг зорих жуулчдын тоо эрс буурсан. Энэ хүнд үед Евро бүсээс гарвал Засгийн газар хаанаас мөнгө босгох вэ?
Банкны хямрал
Грек улс Евро бүсээс гарах тухай мэдэгдвэл, чухам тэр өдөр грекчүүд банкны үүдэн дугаарлан зогсох болно. Арилжааны банкуудыг мөнгөө шавхахаас, драхма руу шилжихээс урьтаж тэд хадгаламж дахь бүх мөнгөө авах нь мэдээж. Ийм зүйл болбол арилжааны банкууд заавал байлгах нөөцдөө гар дүрж ч магадгүй. Улмаар Грекийн Төвбанкинд хадгалуулсан мөнгөө Евро бүсийн бусад улс авч, илүү найдвартайгаар нь Германы банкуудад шилжүүлнэ. Испани, Итали ч Евро бүсээс гарах тухай ярьж буй учраас тэдэнд найдаад нэмэргүй. Грекийг даган Евро бүсийн банкууд ч хямарна. Улмаар яг л 2008 оных шиг хямрал руу дэлхий нийтээрээ гулсах байх. Грекийн өрийн хямрал явсаар банкны хямрал болж буй тухай шинжээчид сануулж байсан. 2008 оны хямралыг даван туулахад дэлхийн улсуудын Төвбанкууд хангалттай үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл энэ удаад сум өөрсөд рүү нь чиглэж буй учраас чадахгүй. Европын Төвбанкны ерөнхийлөгч Марио Драги “Энэ удаад Төвбанкууд дэлхийг аварч чадахгүй. Тэд Засгийн газрыг орлох боломжгүй шүү дээ” хэмээн мэдэгдэж байв.
Бизнесийн сүйрэл
Хэрэв Грек Евро бүсээс гарвал тус улсын бизнесменүүд хууль эрх зүйн болоод санхүүгийн сүйрэлтэй нүүр тулна. Драхмагаа хэрэглэж эхэлбэл Засгийн газар бизнесийн хуулиудад өөрчлөлт оруулах нь мэдээж. Улмаар зарим бизнесүүд бүр зогсож ч магадгүй эрсдэл үүснэ. Улмаар гадаадын улсуудаас еврогоор зээл авсан компаниудыг сүйрлээс өөр юу ч тосохгүй. Өрийнх нь өртөг үндсэн хөрөнгөөс нь давсан компани цөөнгүй бий. Хэрэв байдал бишидвэл тэд Засгийн газартаа бүх ачааг үүрүүлж, дампуурлаа зарласан нь хавьгүй дээр сонголт болох биз.
Засгийн газрын өр
Грекийн Засгийн газрын зээлд үүлэгчдийнх ихэнх нь дотоодын иргэд, хөрөнгө оруулагчид байдаг. Гэтэл тус улс Евро бүсээс гарчихвал, санхүүгийн ямар их эрсдэл буйг тэд мэдэх учраас дээд зэргээр бачуурах болно. Улмаар бослого, хөдөлгөөнд иргэдийг уриалж мэднэ. Гэвч үүгээр дуусахгүй. Дэлхийн өнцөг булан бүрт буй грекчүүд, ялангуяа Засгийн газрын өрийн бичгийг худалдан авсан компанийн захирлууд өөрсдөө санхүүгийн эрсдэлтэй нүүр тулна. Улмаар Грекийн олон мянган иргэн эх орноо орхин гарч магадгүй байгааг шинжээчид бичиж буй. Мөнгөө ам.доллар, иен, франк, алт зэрэгт шилжүүлж, хадгалуулсан хүмүүсийг эрсдэл тойрно. Улмаар санхүүгийн зах зээл нь тогтвортой АНУ, Япон, Герман, Их Британид хөрөнгө оруулах, тэдгээрийн банкуудад мөнгөө хадгалуулах нь ихэснэ.
Евро бүсийн асуудал
Грекийг түлхэх нь Европын холбоонд амар мэтээр зарим хүн харж буй. Гэтэл Грекийг холбооноосоо хасвал тэд тус улсад зээлдүүлсэн 240 тэрбум еврогоо ч хөсөр хаях нөхцөлд тулна. Улмаар хөрөнгө оруулагчид евро бүсийн ирээдүйд итгэлгүй болж, мөнгөний урсгал зогсох болно. Хөрөнгийн биржүүд дампуурна. Евро бүсийн жирийн иргэд хэрэглээгээ хумьж, бүсээ чангалснаар зах зээлийн эргэх холбоо “түгжрэл”-д орох эрсдэлтэй. Энэ нь арай ядан дэнжигнэж буй Евро бүсийг хямралд бүр гүн, гүнзгий татан оруулна. Гэтэл Евро бүсэд туслах хэн ч байхгүй. Дэлхийн ¹ 1 эдийн засаг бүхий АНУ өөрсдөө санхүүгийн хямралтай нүүр тулсан, Япон (¹ 3) гадаад худалдааны алдагдлыг хэрхэн бууруулахаа шийдээгүй, БНХАУ (¹ 2)-ын эдийн засгийн өсөлт саарч, тэдэнд өөрсдөд нь тусламж хэрэгтэй болж буй. Энэ мэтчлэн том “хэтэвчтэн”-гүүд Евро бүсэд туслахтай манатай байгаа.