Номхон далайн бүсийн хоёр тэргүүлэх гүрэн Япон, Хятадын хооронд газар нутгийн маргаантай холбоотой сөргөлдөөн саяхны нэг өдөр дахин сэдэрлээ. Дорнод Хятадын тэнгист орших Сенкаку хэмээх тэрхүү эзгүй арлуудын нэгэнд 10-аад хоногийн өмнө Японы иргэдийн “десант” бууж, үндэсний далбаагаа мандуулсан нь хятадуудын зүрхэнд шар ус хуруулж, эсэргүүцлийн өргөн хүрээтэй кампаниар хариу “бэлэг” барихад хүргэсэн юм. Маргаантай арлуудыг өмчирх өхд өө 20 дарвуулт онгоц хөлөглөн очсон 150 орчим иргэний дунд Японы парламентын гишүүд, улстөрчид ч байсан болохыг хэвлэлүүд мэдээлсэн. Энэ үйл явдлын дараа Хятадын Шэнжэнь хотод 1000 орчим хүн оролцсон жагсаал болж, япончуудын “өдөөн хатгалга”-д шийдвэртэй хариуг нь өгөхийг Засгийн газартаа уриалсан. Жагсагчдын уур бухимдлын золиос болж, Японд үйлдвэрлэсэн автомашинууд дахин ашиглахын аргагүй болж хэмхэрсэн. Гудамжинд тавьсан автомашинуудын заримыг бүр шатааж орхисон. Япон хоолны газар, Чэндү хот дахь Uniqlo брэндийн хувцасны дэлгүүр гээд Японоор “овоглодог” худалдаа, үйлчилгээний газар Хятадын олон хотод иймэрхүү “дайрлагад” өртсөн юм. Мөн Гуанжоу хот дахь Японы консулын газрын хажууд суулт хийж, эсэргүүцлээ соёлтой илэрхийлсэн нь ч бий. Маргаантай арлуудад эзэн суух албан бус “уралдаанд” хятадууд мөчөөгөө өгөлгүй, Төрийн далбаагаа байршуулах оролдлого хийсний эцэст 14 иргэн нь Японы хууль сахиулагчдад саатуулагдсан. Хятадын Гадаад хэргийн яамнаас Японы талд барьсан эсэргүүцлийн мэдэгдэлд арлуудад япончуудын очсоныг эрс буруушаан, тус улсын нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдлыг зөрчихгүй байхыг шаардсан билээ. Японы тал хөршийнхөө хилэгнэлийг даамжруулалгүй намжаахыг оролдон, Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фужимура наймдугаар сарын 20-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Хятадтай тогтоосон харилцаа Японы хувьд онц чухал” хэмээн тэмдэглээд, “Манай хоёр орны харилцаанд Сенкакутай холбоотой асуудал нөлөөлөхийг бидний хэн хэн маань хүсэхгүй” гэсэн юм. Түүгээр ч зогсохгүй Ази, Номхон далайн бүсийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийн талаар дурдсан.
Уг нь далайн хадат арал руу хийсэн “саваагүй” аялал бүхэл бүтэн бүс нутгийн тогтвортой байдалтай холбогдож яригдмааргүй. Гэвч ердөө зургаан ам км талбайтай таван жижиг арлын түүх Хятадын хувьд Курилийн арлуудыг Орос, Япон хоёр хэрхэн булаалддаг лугаа амин чухал сэдэв юм. Яг өнөөгийн байдлаар жингийн таваг дээр Япон эл асуудалд арай давуу эрхтэй харагдаж байгаа. Учир нь, бүлэг арал тус улсын мэдэлд, албан ёсоор бол Окинава мужид харьяалагддаг. Харин үүнийг нь Хятад, мөн Тайвань хүлээн зөвшөөрдөггүй. Хятад, Японы хооронд хэрүүлийн бай болсоор ирсэн дээрх нутаг нь таван жижиг арал, гурван хаднаас бүрдэнэ.
Тайваниас зүүн хойш 190 км, Японы Рюкю бүлэг арлаас 175 км-ийн зайд байрлах, хүн оршин суудаггүй эл хуль энэ газар сүүлийн хэдэн 10 жилийн турш хоёр улсын эрх баригчдыг тайван байлгаагүй гэж хэлж болно. Түүх сөхвөл, энэ бол японоор Сенкаку, хятадаар Дяоюйдао хэмээн нэрлэдэг бүлэг арлын орчим газрын тос, байгалийн хийн чамгүй нөөцтэй болох нь тогтоогдохоос бүр өмнөх үед хамаарах сэдэв. Аль XIV зуунаас манай улсын бүрэлдэхүүнд багтаж, Мин улсын үед Хятадын газрын зураг дээр тэмдэглэгдсэн гэж БНХАУ-ын түүхчид нотолдог. Эрт цагаас хятад далайчид энэ хавьд загас агнуурын аж ахуй эрхэлдэг байсан гэнэ. Японы тал арлыг 1884 онд анх илрүүлж, улмаар хэн нэгний харьяалалд багтаагүй байсан тул Япон-Хятадын дайнд ялсныхаа дараа 1895 онд албан ёсоор өөртөө нэгтгэсэн гэдэг. Харин дайны төгсгөлд байгуулсан энхийн гэрээнд хүчээр гарын үсэг зурснаар арлуудаа Японд алдсан гэж Бээжин тайлбарладаг.
Дэлхийн II дайны дараа АНУ-ын мэдэлд түр шилжсэн арлууд 1951 онд Сан-Францискод байгуулсан энхийн гэрээний дагуу 1972 онд Японы харьяалалд багтах болсон байна. Хятадын оролцоогүй гэрээ байгуулсан тул Бээжин энэхүү статусыг нь хууль бус гэж хүлээн зөвшөөрөөгүй. Энэх үү маргааны гогцоо нь Курилийн арлуудынхтай адилаар бүлэг аралдаа ч бус, тэдгээрийг хүрээлж буй усанд байгаа аж. НҮБ-ын Олон улсын далайн эрх зүйн конвенцоор, эдийн засгийн бүсийн усан хилийг эргээс 200 хүртэлх милийн зайд тэнгисийн усан доогуур үргэлжлэх газраар чиг болгож тогтоохоор заажээ. Сенкакуг өдгөө Японы бизнесмен Хироюки Курихара эзэмшиж буй бөгөөд жилд 300 мянган доллараар Японд түрээслүүлдэг аж. Токиогийн мээр Синтаро Исихара арлыг хувийн эзэмшигчээс худалдаж авах боломжийн талаар өнгөрөгч дөрөвдүгээр сард Вашингтонд мэдэгдсэн нь бас л олныг хамарсан дуулианы сэдэв болсон юм.
Шинжээчдийн нэг хэсэг нь Зүүн Хятад, Өмнөд Хятадын тэнгист АНУ, Хятадын дунд сөргөлдөөний цэг үүсэх бүх нөхцөл алгуур бүрэлдэж байгааг тэмдэглэдэг. Эдгээр нутаг дахь газрын маргаанаар Хятад толгой цохидогтой энэ нь зарим талаар холбогдож буй. Сөргөлдөөний эргүүлэгт Ази, Номхон далайн бүсээс Энэтхэг, Япон зэрэг орон санаандгүй буюу эсвэл яалтгүй татагдан орох магадлал бий гэнэ. Арлуудын асуудалд өнөө Токио давамгайлах байр сууринд зогсоход нь америк андтай тогтоосон харилцаа нь ихээхэн дэмжлэг үзүүлж буй нь нууц биш. Сэм авгын түшиг тулгуур хумигдаагүй байгаа цагт Сенкаку Наран улсынх хэмээгдсэн хэвээр байх биз.