Афганистаны өмнөд хэсэгт “Талибан” хөдөлгөөний хяналтад байдаг нутаг дэвсгэрт 17 хүнийг бүжгийн үдэшлэгт очсон хэмээн толгойг нь огтолж, амийг нь бүрэлгэсэн тухай АР мэдээлэв.
Албаны хүмүүсийн мэдэгдсэнийг үзвэл, исламын хэт даврагч бүлэглэлийн гишүүдийн үйлдсэн эл хэрэг тус улсын өмнөд нутгаар босогчдын бүлэглэл аль хэр идэвхжиж буйг харуулж байгаа аж. АНУ-ын тэнгисийн явган цэргийн хүчин олон жил талибуудыг буулгаж авахаар тэмцэл өрнүүлсэн энэ бүсэд олон улсын энхийг сахиулагчид аюулгүй байдлыг хангах үүргийг Афганы цэрэг, цагдаад шилжүүлж байгаа юм. Хелманд мужийн Муса Кала дүүрэгт ням гаригийн үдэш болсон бүжиг, хөгжмийн баяр ёслолд оролцсон олон иргэний нэг хэсэг нь тийнхүү золиос болсныг тус дүүргийн Засаг дарга Неяматулла Хан мэдээлжээ.
Хохирогчдыг хэрцгий балмадаар зэрэмдэглэхийн өмнө буудсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Засаг даргын хэлснээр, талибууд соёлын арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийн тэмдэг болгож, ийм үйлдэл хийжээ. Ийм хэрэг болсон тухай мэдээлэл хожуу ирсэн нь ч “Талибан” эндхийн дэвсгэр нутагт зай завсаргүй эзэн суусан байгаагаар тайлбарлагдах нь. Афганистанаас олон улсын эвслийн цэрэг бүрмөсөн гарч дуусахтай зэрэгцэн, талибууд хуучин байр сууриа эргэн сэргээх вий гэсэн болгоомжлолыг олон улсын ажиглагчид төдийгүй афганчууд өөрсдөө өгүүлж байгаа.
1996-2001 онд Афганы Засгийн эрхэнд байсан “Талибан” дэглэмийн жилүүдэд исламын шашных биш хэмээн хөгжим, кино урлагийн бүхий л төрөл зүйлийг орон даяар хориглож байв. Ерөнхийлөгч Б.Обамагийн зарлигаар АНУ Афган дахь цэргийнхээ тоог аажим бууруулсаар байгаа. Өнгөрсөн онд 103.000 байсан дайчдыг ирэх аравдугаар сар гэхэд 68.000 болгон бууруулахаар төлөвлөжээ.