Норвегийн нийслэл Осло, Утоя аралд халдлага зохион байгуулсан Андерс Брейвикт 21 жилийн хорих ял оноосон тухай “Россия 24” теле суваг мэдээлжээ. А.Брейвикийг сэтгэцийн эмгэгтэй хэмээн үзсэн тохиолдолд түүнийг албадан эмчилгээнд явуулах ёстой байсан юм. Гэтэл шүүгдэгч болон түүний өмгөөлөгч сэтгэцийн хувьд эрүүл гэсэн дүгнэлт гаргахыг шүүхээс хүссэн байна. Түүнээс гадна хохирогчдын гэр бүлийнхэн гэмт этгээдийг эрүүл хэмээн үзэж, зохих шийтгэл оноохыг шаардсан аж. А.Брейвик “Ила” хэмээх шоронд ял эдлэх бөгөөд түүнд зориулан шоронгийн нэг жигүүрийг тусгайлан бэлдсэн бөгөөд унтлагын өрөө, спортын танхим гаргажээ. Өнгөрсөн оны долоодугаар сарын 22-нд болсон халдлагын үеэр нийт 77 хүн хохирсон билээ. Гэмт этгээд хэргийн шалтгаанаа улс төрийн үндэслэлтэй хэмээн мэдэгдэж, Норвегт лалын шашинтнууд олноор суурьшиж байгааг эсэргүүцэж буйгаа ийн илэрхийлсэн хэмээсэн юм.