Японы нийслэл Токио орчим газар хөдөлсөн үед ажиллах аврагчдын элит отряд байгуулжээ. Чухал шаардлагатай үед дээрх отрядыг бусад муж руу ч илгээх гэнэ. Японы цагдаагийн газрын мэдээлснээр, тусгай аврагчдын баг буюу SRT-д өнгөрсөн оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамийн үеэр ажиллаж, авьяас, чадвараа харуулсан 35 аврагч оржээ. Гамшиг тохиолдсон үед хүнд техник ашиглах чадварыг бүрэн эзэмшсэн байдал нь дээрх отрядад орох шалгуур болсон байна. SRT гишүүдийг шинэ, дэвшилт технологийн багаж, хэрэгслээр хангажээ. Тухайлбал, гамшгийн үеэр ажиллахдаа аврагчид малгайдаа байрлуулсан камерын тусламжтайгаар зураг авч, мэдээллийг онлайнаар цагдаа нарт илгээж болно. Тайван цагт аврагчид өдөр бүр дасгал, сургуулилалт хийж, бусдадаа аврах ажиллагааны талаар хичээл заах аж.