Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн удирдлага дор ажиллаж байсан 32 хүнийг Триполид баривчилжээ. Хууль сахиулагчдын үзэж буйгаар, энэ сарын 19- нд болсон томоохон халдлагыг тэд зохион байгуулсан гэнэ. Сэжигтнүүдийг хоорондоо холбоо тогтоож, гэмт хэргийн бүлэглэл үүсгэсэн хэмээн тус улсын Аюулгүй байдлын дээд комиссын гишүүн мэдэгдсэн байна. Энэ сарын 19-нд Дотоод хэргийн яамны байр болон Эмэгтэйчүүдэд зориулсан цагдаагийн академийн байрны дэргэд автомашин дэлбэрч, хоёр хүн амиа алдан, дөрвөн хүн шархадсан юм. Лалын шашны Ид аль-Фитр баярын өдөр дэлбэрэлт болсны дараа харуул хамгаалалтыг сайжруулж, хотод эргүүлийн цагдаа гаргажээ.