БНХАУ-ын Коммунист намын Чунцин хот дахь хорооны дарга асан Бо Силайн эхнэр Гу Кайлайд Их Британийн бизнесмен Нил Хейвудийн амийг хөнөөсөн хэмээн цаазаар авах ял оноосон тухай “Reuters” мэдээлсэн билээ. Харин шүүх хуралд байлцсан Хейвудийн хамаатан саднуудын өмгөөлөгчийн ярьснаар, Гу Кайлайг цаазаар авах ялаас мултруулсан гэнэ. AFP мэдээлснээр, түүнд цаазаар авахын оронд бүх насаар нь хорих ял оноосон байж магадгүй гэнэ. Гэмт хэрэг үйлдэхэд Гу Кайлайд тусалсан гэх гэрийн үйлчлэгчид нь 10 жилийн хорих ял оноосон байна. “Reuters” агентлагийн онцолж буйгаар, Гу Калайд ял дээд хэмжээ оноосон ч тэрбээр хоёр жилийн дотор ямар нэгэн хэрэг, зөрчил гаргахгүй бол бүх насаар нь хорих ялаар сольж магадгүй аж. Чунцин хотын намын хорооны дарга, өсөх ирээдүйтэй улстөрч хэмээгдэж асан Бо Силайг өнгөрсөн гуравдугаар сард бүх албан тушаалаас нь огцруулсан билээ. Үүний дараахан түүний эхнэр, гэрийн үйлчлэгчийг Британийн бизнесмений амийг хөнөөсөн хэрэгт буруутган, эрүү үүсгэсэн юм. Гу Кайлай бизнесментэй мөнгөний асуудлаас болж маргалдсан хүүгээ хамгаалахын тулд ийм хэрэг үйлдсэнээ шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр хийсэн хэрэгтээ гэмшиж буйгаа илэрхийлэн, “сайн иргэн болох сүүлчийн боломж олгохыг” шүүгчдээс хүссэн аж.