АНУ-ын Тегераны эсрэг авсан хоригийг зөрчин, Ирантай хамтран ажилласан байж магадгүй хэмээн дэлхийн томоохон зургаан банкийг сэжиглэж байна. “The New York Times” мэдээлснээр, “Deutsche Bank” тэргүүтэй дээрх банкуудын Америк дахь салбаруудаар дамжуулан Ираны тал олон сая ам.долларын хэлэлцээр хийсэн байж магадгүй гэнэ.
Америкийн Хууль зүйн яамны мэдэгдэж буйгаар, мөрдөн шалгах ажил эхний шатандаа явж байгаа тул дээрх банкууд 2008 оноос хойш тус улсын хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл одоогоор байхгүй аж. “Deutsche bank”-ны төлөөлөгч дээрх мэдээллийг тайлбарлахаас татгалзсан бөгөөд 2007 оноос тус банк Иран, Сири, Судан, БНАСАУ-ын холбогдох компанитай шинэ гэрээ хийхээс татгалзсан шийдвэр гаргасныг онцлов. Одоогоос хоёр жилийн өмнө “ABN Amro”, “Barclays”, “Credit Suisse”, “Lloyds”, ING зэрэг санхүүгийн байгууллагыг Ираны мөнгө угаасан байж магадгүй хэмээн АНУ шалгаж байгаа юм.
Х.ОД