Филиппинийн Дотоод хэргийн сайд Хессе Робредогийн сууж явсан онгоц Масбате аралд осолдсон тухай АР мэдээлжээ. Төрийн тэргүүн Бенигно Акино ням гаригийн өглөө тус аралд очиж, эрлийн багийнхантай хамт хүмүүсийг хайх ажилд оролцсон байна.
Осол бямба гаригт болсон бөгөөд харанхуй болсон тул эрлийг түр хойшлуулаад байсан аж. Себу мужийн нисэх онгоцны буудлаас хөөрсөн хөнгөн хөдөлгүүрт “Piper Seneca” маркийн эл онгоцыг нисэхийн сургуулийн эзэн Жессуп Бахинтинг жолоодож явжээ. Онгоцонд хоёр нисгэгчээс гадна сайд Робредо, түүний туслах цагдаагийн ажилтан Хун Абразадо нар байсан гэнэ. Хун Абразадо аюулгүйн бүсээ амжиж тайлсан тул усанд унасныг нь загасчид олж, эрэгт хүргэсэн аж. Хессе Робредо нь Ерөнхийлөгчийн шадар туслагчдын нэг бөгөөд 2010 оны сонгуулийн дараа Дотоод хэргийн сайдаар томилогджээ.
Х.ЭНХ