Сүүлийн хэдэн арван жилд Япон, Хятадын хооронд маргааны бай болж ирсэн Зүүн Хятадын тэнгис дэх бүлэг арлын нэгэн бүрэлдэхүүн болох Сенкаку арлын хадархаг эрэгт өчигдөр өглөө Японы 100 орчим иргэн очиж, ес нь үндэснийхээ далбааг тэнд байрлуулсан тухай “Ройтерс” мэдээлэв.
Энэ үед арлаас холгүйхэн Японы эргийн хамгаалалтын гурван ч хөлөг онгоц байжээ. Дээрх үйлдлийг гүйцэтгэсний дараа япончууд арлыг орхин, өөрсдийн сууж ирсэн усан онгоц тийш зүглэх санаатай байсан ч Японы хилийн албаны ажилтнуудад саатуулагджээ.Тэдгээр хүний дунд Японы парламентын гишүүд, улстөрчид байсан аж. Япончууд өнгөрсөн долоо хоногийн дундуур Хятадын иргэдийн хийсэн алхамд яг ижилхэн хариу барьсан нь энэ. Хятадаар Дяоюйтай хэмээн нэрлэдэг тэрхүү бүлэг арлын нэгэнд очиж, БНХАУын Төрийн далбааг байрлуулсан хэргээр долоон иргэнийг Японы цагдаагийн газар тэгэхэд баривчилсан юм. Гэвч тус хоёр орны дунд 2010 онд маргаан дэгдэж, эдийн засаг, дипломатын харилцаанд сэв суулгасан үйл явдлыг давтахгүйн тулд Токио Хятадын иргэдийг төдий л удаалгүй албадан гаргасан.
“Синьхуа” мэдээлснээр, Гуанжоу хотод суугаа Японы консулын газрын ойролцоо өчигдөр 100 гаруй хүн бас цуглан, Хятадын далбаа болон япончуудыг арлаас явахыг шаардсан уриа барьж жагсчээ. Эсэргүүцлийн арга хэмжээ Шэнжэнь, Циндао, Харбин зэрэг хотод мөн адил болсныг өмнөд хөршийн мэдээллийн агентлаг дамжуулжээ. БНХАУ дээрх маргаанаас гадна Өмнөд Хятадын тэнгис дэх нутаг дэвсгэрийн талаар Зүүн өмнөд Азийн хэд хэдэн оронтой маргаантай байгаа юм. Харин Дяоюйтай арлын эзэн хэн болох талаар маргаан дахин идэвхжсэн нь хэдэн сарын өмнө Токиогийн амбан захирагчийн дэвшүүлсэн саналаас үүджээ. Бүлэг арлыг худалдан авах талаар Япон нийслэлийн засаг захиргаанд тавьсан уг санал цаашлаад төв Засгийн газрыг энэ асуудлаар ямар нэг бодитой алхам хийхэд хүргэж болох талтай. Бүлэг арлын байрлаж буй тэнгисийн усанд хийн үлэмжхэн нөөц буйг тогтоосны дараа ужиг маргаан бүр ч гүнзийрсэн.
Х.ЭНХ