Их Британийн эрх баригчид “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг хууль сахиулагчдад өгөхгүй бол Лондон дахь Эквадорын ЭСЯ руу дайран орно хэмээн мэдэгдлээ. Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патиньогийн өгүүлснээр, Ж.Ассанжийг баривчлахаар зэхэж буй Их Британийн цагдаа нар ЭСЯ-ны дэргэд жижүүрлэж буй гэнэ. Британийн Засгийн газрын энэ байр суурийг Эквадор “Байж болшгүй зүйл” хэмээн үзэж, “Манай улс Британийн колони биш” гэж онцлов. 2010 онд Жулиан Ассанжийг Их Британид байхад Швед улс түүнийг хүчингийн хэрэгт буруутгаж, шилжүүлэн өгөхийг Лондоноос хүссэн юм. 2012 оны зургаадугаар сарын 19-нд Лондоны шүүх Жулиан Ассанжийг Швед рүү шилжүүлэх шийдвэр гаргасны дараа тэрбээр Эквадороос орогнол хүссэн юм. Түүнээс хойш тэрбээр Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд байрлаж байна.