Ливанд нөхцөл байдал хурцадсаар байгаа тул Кувейт, Саудын Араб, Катар, Арабын нэгдсэн Эмират зэрэг Персийн булангийн орнууд тус улсад байгаа иргэддээ хандан эрх орондоо эргэж ирэх, өөр аюулгүй газарт очихыг уриаллаа. Түүнчлэн АНУ тэргүүтэй орнууд ч иргэддээ ийн уриалав. Гэвч Бейрутын олон улсын нисэх онгоцны буудал хүрэх замыг шийтүүд хаасан тул тэнд байгаа гадаадын иргэд хаашаа ч явах боломжгүй болоод байна.
Ливаны Ерөнхийлөгч Мишель Сулейман шийтүүдэд хандан олон нийтийн хэв журам зөрчиж, иргэдийн аюулгүй байдалд заналхийлэхээ зогсоохыг шаардсан мэдэгдэл хийжээ. Түүнчлэн Бейрут дахь ЭСЯ тэргүүтэй газрын харуул хамгаалалтыг чангатгахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Шийтүүд Төрийн тэргүүний мэдэгдлийг үл тоон, Бейрутаас Дамаск хүрэх замыг ч хаасан гэнэ. Хэдхэн өдрийн өмнө шийтийн нэгэн томоохон омгийн ахлагчийн хүүг Сирийн нийслэл Дамаскт зэвсэглэсэн этгээдүүд хулгайлсан билээ. Хүүгийн эцэг Селим Мекдад Ливанд амьдарч буй Сирийн сөрөг хүчнийхнийг дэмжигчдийг залхаан цээрлүүлэх “аян” зарласан нь Бейрутын өмнөд хэсгийн Дахия, Шуэйфат, Хай-Саллум зэрэг алслагдсан дүүргүүдэд эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэсэн байна.
Сири иргэдийн эзэмшлийн дэлгүүр, худалдаа, үйлчилгээний төвүүд дайралтад өртөж, 33 иргэнийг шийтүүд барьцаалсан аж. Селим Мекдадын омгийнхны хэлж буйгаар, цаашид ч сиричүүдийг барьцаалах гэнэ. Сирийн Чөлөөлөх армийн улс төрийн хэлтсийн тэргүүн Бассам Дада барьцаалагдсан иргэд сөрөг хүчнийхэнтэй ямар ч холбоог үй, дүрвэгчид байсан хэмээн мэдэгдэж, тэднийг даруй суллахыг омгийнхноос хүссэн байна.