Америкийн судлаач Анжела Микол сүүлийн хэдэн жил дэлхийн газрын зургийг “Google Earth” программын тусламжтайгаар судалсны дүнд Египетийн пирамидийн өмнө нь тодорхойгүй байсан хоёр цогцолборыг илрүүлсэн байна.
Нил мөрний сав газарт, бие биеэсээ 145 км зайд байрлах, ер бусын хэлбэртэй хоёр обьект нүдэнд нь тусаж, түүнийг анхаарлыг ихэд татжээ. АНУ-ын Умард Каролина мужид амьдардаг Микол ойрын хугацаанд Египетэд очиж, өөрийнхөө нээлтийг үзэх гэнэ. Пирамидийн эхний цогцолбор Нил мөрний эрэг дагуу Абу-Сиднум хотоос 20 км зайд оршдог. Энэ нь 80 метр урттай хоёр том хиргисүүр, 30 метр урт жижиг цогцолбороос тогтдог аж. Мөн тэнд 200 метр орчим урт, гурвалжин хэлбэртэй асар том обьект байгааг газрын зургаас харж болох гэнэ. Судлаачийн таамагласнаар, энэ цогцолбор нь Хеопсын пирамидаас гурав дахин том байх магадлалтай. Харин хоёр дахь цогцолбор нь дээрх хотоос хойд зүгт 145 км зайтай оршдог бөгөөд 42 метр урт. Цогцолбороос холгүй гурван хиргисүүрийг ажиглаж болох аж. Миколийн ажиглалт бодитой болох нь батлагдвал археологийн салбарт том нээлт болох аж. Учир нь Египетийн алдартай пирамидууд Каирын ойролцоо байдаг бөгөөд дээрх цогцолборуудын талаар мэдээлэл үгүй тул египет судлалд томоохон дуулиан дэгдэж магадгүй аж.
Х.Од