АНУ-ын Техас муж улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутны хотхонд буун дуу гарч, гурван хүн амь үрэгдсэн тухай CNN мэдээлэв.
Техасын хамгийн том хот Хьюстоноос 140 км зайтай орших тус газарт болсон хэрэг явдлын үеэр цагдаагийн ажилтан, 65 настай иргэн болон гал нээсэн этгээд өөрөө амиа алджээ. Хэрэгтнийг баривчилсан гэж цагдаагийн газар өмнө мэдээлсэн. Гэвч тэрбээр баривчлах үеэр шархадсан агаад улмаар нас баржээ. Буудалцааны үеэр дөрвөн хүн, түүний дотор гурван цагдаа шархадсан гэнэ. Орон нутгийн цагаар үд дундад 35 настай Томас Кэффол гэгч гэрээсээ гал нээснээр энэ хэрэг эхэлжээ. Түүний гэр их сургуулийн хотхоны нутаг дэвсгэр дээр байрлах хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгээс холгүй оршдог аж. Тэрбээр дээрх сургуулийн оюутан эсэх нь тодорхойгүй. "Фэйсбүк"-т хэрэгтний өөрийнх нь бичиж үлдээснээр бол, ээж, ах, эгчтэй байгаад эдүгээ тэдэнтэйгээ холбоо тасарсан аж. Хувийн хуудсандаа өөрийнхөө фотогоос гадна галт зэвсэг, нохойн гэрэл зураг тавьсан байгаа гэнэ.
Х.ЭНХ