Ерөнхий сайд Омурбек Бабановт хээл хахууль авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг Киргизийн Парламент дахь Засгийн газрын тал баримтлагч "АтаМекен" фракц шаардлаа. Киргизийн нийслэлийн нисэх онгоцны "Манас" буудалд агаарын навигацын цамхаг барьж буй Туркийн "Серка" компани Ерөнхий сайдад нэг сая ам.долларын үнэ бүхий сайн үүлдрийн хурдан морь бэлэглэснийг тус фракц хахууль өгсөн гэж үзжээ.
Дээрх байгууламжийг барих тендерт ялсныхаа төлөө Засгийн газрын тэргүүнд туркүүд ийм маягаар талархал илэрхийлсэн гэсэн хардлагыг Ерөнхий сайдын ойрын хүрээллийнхэн няцааж байна. Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Султан Каназаровын мэдэгдсэнээр бол, "Манас" нисэх онгоцны буудлын агаарын навигацын цамхгийг АНУ-ын тусламжаар барьж байгаа бөгөөд барилгын гүйцэтгэгчийг Америкийн тал өөрөө тендер зарлан шалгаруулжээ. Туркийн "Серка" компани нь АНУ-ын талтай гэрээгээр ажил гүйцэтгэхээр тохиролцсон юм байна. "АтаМекен" фракц Вашингтоны тусламжаар барих тус барилгын ажилд оролцохыг шаардсан ч Ерөнхий сайд татгалзсан хариу өгчээ. Чухам энэ нь фракцынхны гэдэнг хөдөлгөсөн гэж Каназаров тайлбарлав.
"Хурдан хүлгийг Засгийн газрын тэргүүн хувийнхаа хөрөнгөөр худалдаж авсныг гэрчлэх гэрээ нь бий" хэмээн хэвлэлийн нарийн бичгийн дарга хэллээ. Тус улсын Нийгмийн хөгжлийн сайд Равшан Сабиров болон түүний орлогчийг их хэмжээний авлига авсан хэргээр өнгөр өгч сард саатуулсан. Үндэсний аюулгүй байдлын хорооны мэдээллээр, нэг төрлийн зөвшөөрөл олгохдоо сайд, орлогч хоёр гадаадын компаниас 20.000 ам.долларын төлбөр шаардсан юм байна. Дэд сайд уг мөнгөний тэн хагасыг авч амжаад, үлдсэн хэсгийг авах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэнэ. Тэрбээр энэ асуудалд ердөө л зуучлагчийн үүрэгтэй оролцсон хэмээн мэдүүлсэн аж. Эл хэргийг хууль сахиулагчид гадаадын компанийн гаргасан гомдлын дагуу илрүүлсэн байна.
Х.ЭНХ