Пакистаны эрх баригчид “Талибан” хөдөлгөөний эсрэг цэргийн томоохон ажиллагаа явуулахаар зэхэж байгааг АР мэдээлжээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панеттын хэлснээр, Пакистаны зэвсэгт хүчний тэргүүн Ашфак Парвез Кайани уг ажиллагааны талаар тус улсад алба хааж буй Америкийн цэргийн бие бүрэлдэхүүний командлагч Жон Аллентай хэлэлцсэн байна.
Ажиллагаа яг хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Талибуудын эсрэг ажиллагааны явцад “Хаккани” сүлжээг оролдохгүй гэсэн ч Исламабадын эл санаачилгыг Пентагон дэмжиж буй аж. АНУ, Пакистаны харилцаанд өнгөрсөн онд цав сууж, америкчуудын дайсныг нууцаар дэмжиж байна хэмээн Пентагон Исламабадыг буруутгасан билээ. Үүнд “АльКаида” бүлэглэлийн тэргүүн Осама бин Ладен Пакистаны нутаг дэвсгэрт орогнож байсан нь ч нөлөөлсөн. Түүнчлэн Кабул дахь АНУ-ын ЭСЯ, НАТО-гийн штаб руу халдсан зэрэг томоохон халдлагыг зохион байгуулсан гэх “Хаккани” сүлжээтэй Пакистаны тусгай албаныхан хамтарч ажилладаг гэсэн мэдээлэл гарч байсан юм. Уг сүлжээний эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг Вашингтон Исламабадад удаа дараа уриалсан ч пакистанчууд тухай бүрд нь шалтаг хэлж, татгалзсаар ирсэн.
Х.ОД