Гар утасны “Motorola Mobility” компани бүтцийн өөрчлөлтийн хүрээнд дэлхий даяарх 94 офисын 4000 ажилтнаа халахаар шийдвэрлэсэн тухай “Reuters” мэдээлэв. Энэ нь нийт ажиллах хүчний 20 хувь гэсэн үг аж. Өмнөх онд “Google” корпорац “Motorola Mobility” компанийн технологийн патентуудыг 12.5 тэрбум ам.доллараар худалдан авсан юм. Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар, халагдах ажилчдын гуравны хоёр нь АНУ-аас бусад оронд ногдох гэнэ. Гар утасны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байсан “Motorola”-гийн орлого “Apple”, “Samsung” зэрэг компанийн бүтээгдэхүүний эрэлтээс үүдэн буурах болсон билээ. “Strategy Analytics” судалгааны байгууллагын мэдээлснээр, энэ оны эхнээс Финландын “Nokia” брэндийн гар утасны борлуулалтыг БНСУ-ын “Samsung” маркийн ухаалаг гар утас борлуулалтаараа давж гарсан аж. Тодруулбал, дэлхий даяар энэ оны эхний гурван сард “Samsung” загварын 93 сая гар утас зарагдсан байна. Харин энэ хугацаанд “Motorola” компани есөн сая гар утас борлуулсны 5.1 сая нь ухаалаг гар утас байжээ.
Ц.БОЛОР