Канарын арлуудад наймдугаар сарын эхнээс оволзсон ойн түймэр улам эрчээ авч буйгаас эндхийн 4000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна. “Ройтерс” мэдээлснээр, одоогоор түймэрт түлэгдсэн хүн гараагүй аж. Хүчтэй салхи болон агаарын температур цельсийн 40 градус хүрч хэт халсан нь түймрийн тархалтад нөлөөлж байгаа ажээ. Өнгөрөгч долоо хоногийн эхээр гал унтраагчид түймрийг цурманд оруулсан ч баасан гаригаас дахин асч эхэлж, гурав хоногийн дотор түймэрт Тенерифе арлын 200 га, Ла Гомера аралд 470 га газар шатжээ. Испанид харьяалагдах Канарын арлуудад энэ удаагийн түймэр 4000 га орчим ойг сүйдхийжээ. Үүний дотор Ла Гомерын арал дээрх Гарахонайн үндэсний паркийн нэг хэсэг шатсан аж. ЮНЕСКОгийн дэлхийн өвд багтсан тус хүрээлэнд ургамлын хэдэн зуун төрөл зүйл байдаг. Гал сөнөөх алба үүний өмнө түймрийг санаатай тавьсан байж болзошгүй талаар таамаг дэвшүүлсэн. Харин одоо шинжээчид бороо орохгүй байгаа нь гол “буруутан” гэж үзлээ. Испанийн Каталон муж долоодугаар сарын II хагаст түймэрт эзлүүлэх үеэр дөрвөн хүн амь үрэгдэн, 14.000 га ой шатсан байна.