Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ын экспорт, импортын хэмжээ өмнөх сард огцом буурсан гэнэ. Тус улсын экспорт энэ оны эхэн үеийнхээс нэг хувиар, харин зургаадугаар сарынхаас 11.3 хувиар доошилсон бол импорт энэ сард 4.7- 6.3 хувийн хооронд хэлбэлзсэн. Ийнхүү Хятад улсын гадаад худалдаа шинжээчдийн таамаглаж байснаас хавьгүй бага хувиар өссөн нь 2009 оноос хойших хамгийн доод түвшин нь хэмээн “IHS Global Insight” компанийн Бээжин дэх салбарын мэргэжилтэн Алистер Торнтон мэдээлэв. Мөн өнгөрсөн сарын турш аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт энэ оны эхэн үеэс 9.2 хувиар өсөж, зургаадугаар сарынхаас 9.5 хувиар доошилсон гэнэ. Жижиглэнгийн худалдаа энэ хугацаанд ухарсан үзүүлэлттэй гарчээ. Шинжээчид урд хөршийн эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байгааг онцолж буй. Энэ оны 4-6 дугаар сарын хооронд Хятад улсын эдийн засгийн өсөлт 7.6 хувьтай гарсан нь сүүлийн гурван жилийн хамгийн бага түвшин гэнэ. Харин Бээжинд эдийн засгийн өсөлтийг сэргээх алхмуудыг авч эхэлжээ. Тухайлбал, тус улсын Төвбанкнаас хүүгийн түвшнээ бууруулж, арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг багасгах зэрэг арга хэмжээг зургаадугаар сараас хойш хоёр дахь удаагаа аваад буй аж.