Афганы өмнө зүгийн Гильменд муж дахь цэргийн баазад АНУ-ын цэргийн гурван алба хаагч үрэгдсэн тухай "Ройтерс" мэдээлэв. Тус баазадад ажилладаг Афганистаны иргэн америкчууд руу гал нээсэн аж. Энгийн хувцастай уг этгээд хэрхэн зэвсэг олж авсан нь тодорхойгүй байна. Бямба гаригт шилжих шөнө гарсан уг хэргээс нэг хоногийн өмнө Гильменд мужид Афганы цагдаа хамтран зүтгэгчидтэйгээ АНУ-ын цэргүүд рүү гал нээж, гурван цэргийн аминд хүрчээ. Эдгээр халдлагын дараа НАТО-гийн хүчний төлөөлөгч, бригадын генерал Гюнтер Кац "Энэ хоёр тохиолдол Афганистаны ерөнхий аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй" гэж сэтгүүлчдэд мэдээлжээ. НАТО-гийн мэдээллээр, 2012 он гарсаар энд алба хааж буй гадаадын энхийг сахиулагч цэргүүдийн эсрэг 26 дайралт гарч, 34 хүн амь үрэгджээ. Өнгөрсөн онд иймэрхүү халдлагад 35 хүн нас барсан байна. НАТО-гийн цэргийнхэн Афганистаны аюулгүй байдалд хяналт тавих үүргийг 2014 оноос тус улсын дотоодын цэрэгт шилжүүлэх юм.