Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон ууган охин найман настай Нэнсигээ уушны газрын ариун цэврийн өрөөнд мартаж үлдээсэн тухай “Sun” сонинд өчигдөр мэдээлэв. Тус сонин Засгийн газрын тэргүүний төлөөлөгчид, Хэрэг эрхлэх газрын ажилтнуудаас иш татан бичсэнээр, уг явдал Бакинхемшир гүнлэгийн Кадсден тосгонд одоогоос хоёр сарын өмнөх нэгэн ням гаригт болжээ. Ерөнхий сайдын хотын гаднах өргөө тус гүнлэгт байрладаг. Ерөнхий сайд гэр бүлийнхэн болон нөхдийн хамт Plough Inn пабад хооллохоор очоод байсан аж.
Нэнсийг бие засах газар орсон хойгуур Ерөнхий сайдынхан түүнийг нь анзааралгүй зоогийн газрыг орхин, тус тусын унаанд суужээ. Ноён Кэмерон бие хамгаалагчидтайгаа, харин эхнэр Саманта нь бусад хүүхэд болох хоёр настай Флоренс, зургаан настай Артуртайгаа автомашинд хуваагдан суусан байна. Нэнсийг аавтайгаа цуг яваа хэмээн хатагтай Кэмерон бодсон юмсанж. Ингээд пабыг орхин, дөрөв орчим км явсны дараа охин нь аль ч машинд байхгүйг сая олж мэдээд, гэдрэг буцжээ. Пабын ажилтнууд Нэнсийг ариун цэврийн өрөөнөөс олсон ч юу хийхээ мэдэхгүй байсан гэнэ. Ерөнхий сайд руу утасдан, “Та охиноо мартжээ” хэмээн хэлж тэд зүрхлээгүй ажээ.
Х.ЭНХ