Хятадын төв, зүүн болон баруун өмнөд нутгаар орсон усархаг бороонд таван хүн амиа алдан, 690 мянга гаруй иргэн хохирол амссан тухай орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд өчигдөр дамжууллаа. Хоёр хүн сураггүй болсонд тооцогдож байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гамшиг нүүрлэсэн эдгээр муж нь Хунань , Зянси, Гуйжоу болохыг Өмнөд хөршийн Үер, ган гачигт хяналт тавих газар мэдэгджээ. Хөдөө аж ахуйн 48000 га газар усанд хэсэгчлэн болон бүрэн хэмжээгээр автан, эдийн засагт учирсан шууд хохирол 537 сая юань (82.24 сая ам.доллар)-д хүрчээ. Орон нутгийн голуудын усны түвшин эрс нэмэгдсэн нь аюултай байдал бий болгожээ. Гамшигт өртсөн бүс нутагт аврагчдын баг илгээгээд байна. Дээрх бүсүүдэд ойрын хоёр өдөр усархаг бороо намжихгүй гэж цаг уурчид сэрэмжлүүлэв.