Муаммар Каддафигийн дэглэмтэй хамтарч ажиллаж байсан хэмээн буруутгаж Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын харьяат 25 хүнд Ливийн цэргийн шүүх энэ сарын 4-нд ял оноов. ОХУ-ын иргэн Александр Шадровыг гэмт бүлгийн үйл ажиллагааг удирдаж байсан гэж үзэж насаар нь хорих ялаар шийтгэлээ. Бусдыг нь 10 жил хүчир хөдөлмөр хийлгэхээр болов.
Оросын иргэдийг эх оронд нь аваачина гэж дипломатууд амлаж байгаа ч энэ ажлыг хийхэд ихээхэн түвэгтэй байх янзтай. Ливид оросуудыг баривчлаад бараг нэг жил болж буй юм. Александр Шадров, Владимир Долгов нар өнг өрс өн оны долоодугаар сард Ливид ирсэн бөгөөд наймдугаар сарын эцсээр Орос, Украин, Белоруссийн 20 орчим хүний хамт Муаммар Каддафигийн дэглэмтэй хамтарч ажилласан хэмээн буруутгаж баривчилсан байна.
Баривчлагдсан хүмүүс болохоор нефтийн салбарт ажиллахаар байгуулсан гэрээний дагуу ирсэн гэж хэлдэг. Гэтэл удалгүй тэднийг Засгийн газрын цэргийн техник дээр ажиллуулахаар буу тулган авч явсан аж. Гадаадын иргэдийг баривчлуулсан Ливийн шинэ эрх баригчид тэднийг эхнээсээ л сайн санаа өвөрлөж тус улсад ирээгүй гэж үздэг. Оросуудыг чухам юунд буруутгаад байгаа нь энэ сарын 4-нд шүүх шийдвэр гаргатал сайн мэдэгдэхгүй байв. Эхний хэдэн сард эднийг цэргийн зөвлөх, Каддафигийн армид мэргэн буучаар ажилласан, танк засагчид, агаараас эсэргүүцэн хамгаалах системийн мэргэжилтэн гэх мэтээр элдвээр нэрлэж байлаа. Тэгснээ дөрөвдүгээр сарын дунд үеэс буюу шүүхийн хурал дөхөөд ирмэгц ОХУ болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын эдгээр иргэнийг НАТО-гийн нисэх онгоцуудыг сөнөөхөөр төлөвлөж байсан “газарагаар” ангиллын пуужинд засвар хийсэн, Засгийн газрын армид гадаадын хөлсний цэргийн үүрэг гүйцэтгэсэн гэх хоёр “хэрэгт” буруутгана хэмээн зарласан байна.
Тэгээд Шадров, Долгов хоёрыг “цэргийн техникийг сэргээн засварлах замаар хүмүүсийн амь насанд халдсан” гэж үзэж яллав. Англи хэл дээр хэвлэгддэг The Tripoli Post сонин тэднийг “хөлсний алуурчид” гэж нэрлэсэн аж. Цэргийн шүүх эдгээр хүмүүст хэт хатуу чанга хандаж байгаа тухай яриа бүр эхнээсээ л сонсогдож байсан. Оросын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бараг л цаазаар авах ял оноох гэж байна гэж дөрөвдүгээр сард мэдээлж байв. Гэхдээ хэрэг явдлыг иймд хүргэхгүй байж чадна хэмээн Оросын төрийн ажилтан, дипломатчид эцсийн мөч хүртэл найдаж байлаа. Тэр ч бүү хэл тэдний асуудлыг шүүхээр шийдвэрлэхэд хүрэхгүй болов уу хэмээн ОХУын ГЯЯ-ныхан бодож байжээ. Тэглээ ч шүүх ажиллагаа эхэлсэн тул Оросын тал зөөлөн ял өгөх байх гэж горьдохоос аргагүйд хүрэв. Москвагийн горьдлого талаар болов.
Ливийн шүүх 59 настай Александр Шадровыг насаар нь хорихоор яллав. Түүнийг Каддафид тусалсан 24 хүний удирдагч гэж үзэв. 51 настай Владимир Долгов бусдынхаа хамт 10 жил хүчир ажил хийх ял эдлэх боллоо. Ливид суугаа Оросын Элчин сайдын яамныхан одоо давж заалдахаар зэхэж байна. Ингээд бүтэлтэй юм болохгүй бол иргэдээ эх оронд нь авчрахаар хөөцөлдөх юм байна. Тэгэхдээ амжилтанд хүрнэ гэж найдахад бас түвэгтэй гэнэ. “Одноклассники.ру” сайтад өгүүлснээс үзвэл Владимир Долгов Агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний зенитийн пуужингийн командын дээд сургууль төгссөн аж. 2011 оны долоодугаар сард түүнд ажил мэргэжлийнх нь баярын өдрөөр мэндчилгээ дэвшүүлсэн тухай мэдээлэл бас уг сайтад байжээ. Түүнтэй хамтран амьдрагч Таисия Шилова “Лента.ру” сайтын сурвалжлагчид ярихдаа нөхөр нь Украинд цэргийн албанд ажиллаж байсан гэж хэлжээ. Тэгэхдээ тэр үед гэргий нь болоогүй байсан учраас яг хаана байсныг нь мэдэхгүй.
Долгов ч тэнд байсан тухайгаа гэртээ яриад байдаггүй байсан гэнэ. “Тэрбээр дэд хурандаа байсныг нь, Оросын армид алба хаах талаар боддог байсныг нь мэднэ. Өөр юу ч мэдэхгүй” гэж Таисия Шилова ярьсан байв. Долгов Ливи рүү явахаасаа өмнө эхнэрийн хамт амьдарч байсан Саратов мужийн Энгельс хотод алсын нислэгийн бааз байх бөгөөд энд стратегийн бөгбөгдөгч Ту- 95, Ту-160 онгоцууд байдаг аж.
Түүнчлэн Долгов энд шилжиж ирсэн цаг хугацаа 1992 онд Ту- 160 онгоцыг Украины Прилуки баазаас Энгельсэд шилжүүлэн авчирсантай давхцаж байжээ. Харин нөхөр нь Энгельс хотод нэгэн заводад цахилгаанчнаар ажиллаж байсан гэж гэргий нь хэлсэн байна. “Ливи рүү явахыг Одессад байхдаа танилцсан нөхөр нь түүнд санал болгосон юм билээ.
Ливи рүү анх удаа явсан ч юм биш, урьд нь тэд тэнд нефть олборлох салбарт ажиллаж байсан гэсэн”. Шилова ийн ярьжээ. Түүний үгээр бол Долгов Ливид сард 1000 орчим долларын цалин авдаг байжээ. Энэ удаад түүнээс илүү мөнгө амласан аж. Нөхрөө баривчлагдсаныг Таисия Шилова нэлээд хожуу мэдсэн байна. “Өнгөрсөн оны наймдугаар сарын дундуур тэр над руу утасдаад чимээ тасарсан. Сарын дараа буюу Ливи дэх Оросын ЭСЯнд ажиллах болсон үедээ дахин ярьсан. Түүнээс гадна телевизийн мэдээллийн “Время” нэвтрүүлгийн сурвалжлагчтай ярилцахдаа би удахгүй харина гэж хэлээд гараараа далласан. Манайхан түүнийг яагаад Ливийн босогчдод буцааж өгсний (Шадров, Долгов хоёрыг 2011 оны есдүгээр сард сулласан ч гуравхан хоногийн дараа дахин баривчилсан юм) учрыг олохгүй юм”.
Александр Шадровын тухайд гэвэл уг сайтад цэрэг хувцастай авахуулсан хуучин зургаас нь өөр юм байсангүй. Өөрөө шүүх хурал дээр хэлэхдээ шүүгдэгчид буруутайг нотлох ганц ч баримт байхгүй байна гэсэн байна. “Урьд нь надтай хамт ажиллаж байсан 2-3 дэд хурандаагийн ярьсан юм л байна” гэж тэр хэлжээ. Ял хүлээсэн бусад хүмүүсийн төрөл төрөгсдийн ярьснаас үзвэл Шадров Ливид байдаг гадаадын иргэдийн үйл ажиллагааг зохицуулагч байсан нь үнэн байв. Ливийн шүүхээс ял авсан Украины нэг иргэний гэргий Наталья Писаренко “Лента. ру” сайтын сурвалжлагчид ярихдаа, өөрийнх нь нөхөр Дмитрийг Ливи рүү мөнгө олох ажилд явахыг санал болгосон хүн нь чухамхүү Александр Шадров гэсэн байв. “Миний нөхөр цэргийн хүн огт биш, нефтийн компанид жолоочоор ажиллахаар гэрээний дагуу тийшээ явсан юм” гэж Писаренко ярьжээ. Түүний үгээр бол Шадров танилын нь хувьд нөхөр дээр нь ирсэн байна. “Писаренко маань долоодугаар сард Ливид очоод наймдугаар сарын 21-нд баривчлагдсан. Ямар ч хэрэг хийгээгүй байхад нь шүү. Тэд мэдээж давж заалдалгүй яахав.
Арван жил шоронд хоригдоно гэдэг чинь санаанд багтамгүй эд”. Ливид баривчлагдсан гадаадын иргэдийн дотор цэргийн ажил, албатай ер холбоогүй хүн байгаа гэдэгт эргэлзэх юмгүй. Тухайлбал, Шадровтой хамт хүү Максим, бэр Ольгаг нь баривчилсан байдаг. Удалгүй тэднийг сулласан гэсэн. Гэхдээ суллалгүй үлдээсэн хүмүүс байж ч мэднэ. Түүнээс гадна баривчлагдсан 24 хүн бүгд жирийн л инженер байсан гэхэд ч итгэхэд хэцүү. Ливид байгаа Оросын техникийг ажиллуулдаг орос мэргэжилтнүүд байсан аж. Тэд иргэний дайн эхэлсэн ч мөнгө олохын тулд эндээс яваагүй гэнэ. Тэр олох мөнгө нь нэг их биш ч эх орондоо авахаас нь илүү байна гэж үзсэн байна. Үйл явдлын өрнөлөөс ажихуй шүүхээс ял оноосон хүмүүсийг эх оронд нь эгүүлэн өгөх тухайд найдлага тун бага байх магадлалтай байна. Учир нь гэмт хэрэгтнийг өөр улсад өгөх нь сайн сэтгэлийн үйлс болохоос эрх зүйн дагуу аль нэг улсын хүлээсэн үүрэг биш юм.
Босогчдын үзэн ядаад байсан Муаммар Каддафийг зарчмын хувьд дэмжигч болохоо Ливи дэх иргэний дайны туршид харуулсан Москвад Триполи өршөөлтэй хандана гэж горьдох аргагүй. Үүний нотолгоо нь Шадров, Долгов хоёрт оноосон ял юм. Шуугиан тарьсан хэрэгт холбогдож хилийн чанадад шүүхийн шийдвэр сонсоод эх орондоо ирж ялаа эдэлсэн тохиолдол орос хүний хувьд 2004 онд сүүлчийн удаа болсон байна. Чеченийн удирдагч Зелимхан Яндарбиевийн амь насанд халдсаныхаа төлөө насаараа хоригдох ял авсан хоёр хүнийг тэгэхэд Катар улс Орост эргүүлэн өгсөн билээ. Хэвлэлд бичсэнээр бол энэ үйлдлийг тухайн үедээ “хоёр талын тохиролцоогоор” хийсэн бөгөөд харилцан ямар болзол тавьсныг дурдалгүй өнгөрчээ.
Орос, Ливи хоёр ийн тохиролцож чадах эсэхийг таахад бэрх. Дуулиант хэргийн эзэн бизнесмен Виктор Бут, нисгэгч Константин Ярошенко нарын хэргийг Америкт шүүн тасалсан. Тэднийг ОХУ эргүүлэн авч чадаагүй байгаа. Москва тэдний төлөө их хүчин чармайлт гаргасан. Харин Ливид хэргээ таслуулсан оросуудын хувьд ОХУ-ын ГЯЯ-ны болон Африкийн орнуудтай хамтарч ажиллах асуудал хариуцсан Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчийн мэдэгдлээс хэтэрсэнгүй. Түүгээр ч барахг үй Шадров, Долгов нарыг шүүх ажиллагаа эхэлснийг Украин, Белоруссийн хэвлэлээс л оросууд мэдэв. Тэр ч бүү хэл Владимир Долговын гэргийн ярьснаас үзвэл ОХУ-ын ГЯЯ-наас түүнтэй хэн ч холбогдоогүй гэнэ. “Телевизээр тэднийг харуулж, Ливийн шүүхээс оноосон ялын тухай ярьсан. Миний нөхрийн бараа харагдаагүй. Дуранд нь өртөөгүй юм болов уу эсвэл тэр маань би ч танихааргүй болтол эцэж тураа юм уу” гэж Наталья Писаренко ярьжээ.
Р.ЖАРГАЛАНТ