Францын Орон сууцны барилгын сайд, Ногоон намын дарга Сесил Дюфло марихуаныг согтууруулах ундаа, тамхитай эн тэнцүү авч үзэн, хуульчлах санал дэвшүүлсэн тухай RTL мэдээлэв. Энэ сарын 10-нд товлосон Парламентын сонгуулиас тав хоногийн өмнө хатагтай Дюфло ийм санал тавьжээ. Тус нам сонгуульд оролцох юм. Намынхаа байр суурийг прагматик, эх оронч хэмээн тодорхойлсон тэрбээр марихуаныг хуульчилснаар хүн амын дундах мансууруулах бодисын хэрэглээ болон хүчирхийллийг бууруулж, эрүүлийг хамгаалахын талаар баримтлах төрийн бодлогыг бэхжүүлнэ гэж үзэж байна. Сайдын санал Францын Засгийн газрыг хуваагдмал байдалд оруулж болзошгүй гэж RTL таамаглав.
Ерөнхий сайд Жан-Марк Эро "Энэ бол Дюфлогийн хувийн байр суурь. Засгийн газар үүнд ямар ч хамааралгүй" гэж мэдэгдсэн бол, Хууль зүйн сайд асан Рашида Дати "Дюфлогийн хариуцлагагүй мэдэгдэлд гүнээ цочирдлоо" хэмээн тэмдэглэв. Марихуаныг хуульчлахтай холбоотой санал Францын улстөрчдийн амнаас анх удаа сонсогдож байгаа нь энэ биш. 2010 оны зургаадугаар сард Дотоод хэргийн экс сайд, социалист Даниэль Вайан ийм санаа дэвшүүлсэн илтгэл тавьж байв.
Ерөнхийлөгчийн саяын сонгуулийн кампанийн үеэр Социалист намаас нэр дэвшигч, одоогийн Төрийн тэргүүн Ф.Олландын зөвлөхөөр ажилласан Франсуа Ребсаман мөн уг саналыг дэвшүүлсэн ч Франсуа Олланд дэмжээгүй байна. Европын мансууруулах бодисын хэрэглээний мониторингийн төвийн 2005 оны судалгаагаар, Францын насанд хүрэгчдийн таван хувь нь марихуан хэрэглэж үзсэнээ хүлээн зөвшөөрсөн аж.