Сүүлийн үеийн мэдээгээр бол, Сирийн сөрөг хүчин Засгийн газрын хүчинтэй эвлэрэх бодолгүй байна гэж босогчдын цэргийн зөвлөлийн албан ёсны төлөөлөгч хошууч Сами аль-Курди мэдэгджээ. НҮБ-ын Сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Кофи Аннаны дэвшүүлсэн сөргөлдөөнийг энхтайвнаар зохицуулах олон улсын төлөвлөгөөг биелүүлэхээс Сирийн сөрөг хүчин үндсэндээ татгалзаж буйгаа илэрхийлж буй нь энэ аж. Хошууч цааш нь хэлэхдээ, бид эх орон нэгтнүүдээ хамгаалах үйл ажиллагааг өнг өрсөн баасан гаригаас эхлүүлсэн.
Сирид ажиллаж байгаа НҮБ-ын ажиглагчдын эрх, үүргийг өөрчилмөөр байна. Тэд болж байгаа үйл явдлыг идэвхгүй ажиглаад байх биш, Засгийн газрын үйл ажиллагааг энхийн үйлсэд албадан чиглүүлмээр байна гэсэн байна. Курди бас эрх баригч дэглэмийн байлдааны нисэх онгоцуудыг үл нисгэх хаалттай бүсийг Сирийн агаарын орон зайд бий болгох, босогчдыг гадаадын цэргийн хүчний хамгаалалтад байлгах хэрэгтэй гэж хэлжээ.
Сирид одоо байлдааны ажиллагаа үлэмж ширүүсч байгаа аж. Зөвхөн бямба, ням гаригт л гэхэд Засгийн газрын армийн 80 гаруй алба хаагч амиа алджээ. Одоо Турктэй залгаа баруун хойт нутгийн Идлиб мужид гол тулаан болж байна. Тавдугаар сарын 25-нд Хула хотод болсон хядлага зөрчил тэмцлийг бүр хурцатгав. Түүнийг өдөөгчид одоо багаа хуулж хаяад үнэн нүүр царайгаа харуулж байна. Тэд ямар ч хохирол амсахыг үл хайхран дайснаа дарж авах ганцхан хүсэлтэй байна. Сирийн Засгийн газар ч, түүний сөрөг хүчин ч, Башар Асадын иран, орос найз нар ч, катар, америк дайснууд нь ч айхтар догшин ширүүн мэдэгдэл хийхгүй байгааг хэлэхгүй байх аргагүй. Тэд аман дээрээ энхийг эрхэмлэн, бүхий л чадал хүчээрээ Сирийн ард түмнийг өмгөөлж хамгаалж буй ч, өөрийнхөө дэмжиж буй талынханд зэвсэг нийлүүлж байцгаана. Засгийн газар, босогчид хийгээд тэдний холбоотнуудын аль нь ч байр сууриа нэгэнт тодорхой болгочихоод, алхам ч ухрах бодолгүй болжээ. Хэл амаа ололцохоо өнгөрчээ.
Хулад үйлдсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх тухай ямар ч бодолгүйгээ Сирийн Засгийн газар нуухгүй байна. Генерал Касем Жамаль Сулейманы удирдсан мөрдөн шалгах комиссын тайланд дурдсанаас үзвэл, Хула хотод үйлдсэн яргаллыг суннитийн “алан хядагч дээ рэмчид” хийсэн болж таарч буй аж. Генералын хэлснээр бол, мина харвагч, танк эсэргүүцэх төхөөрөмж, пулемётоор зэвсэглэсэн 600-800 хүн уг довтолгоог хийжээ. Тэд Засгийн газрын дайчдын бүслэлтэд байсан Растан болон бусад хотоос 15 км алс байгаа Хула хот руу дайрч, Башар Асадын цэргүүдийг хядах зорилгоо биелүүлчихээд ор сураггүй болсон байна. Бүслэгдсэн Растан хотоос босогчид гэнэт гарч, Хулад очих ямар шаардлага байсан нь ойлгомжгүй. Түүнчлэн Асадын талынхныг сайтар зэвсэглэсэн нутаг нэгтнүүд нь устгачихаж чадаагүй нь бас хачирхалтай.
Хула хотод суннит омгийн сайн дурынхан байсныг илтгэлд “Тухайн газар нутагт дайчид ирснээс мөрдөн байцаах ажиллагаанд түвэг учирсан” хэмээн даруухан өгүүлсэн байна. Хүнд зэвсэг агссан алан хядагчдын бүхэл бүтэн хороо дараа нь хаашаа орсон нь бас л оньсого. Үүнээс гадна “нүдээр үзсэн хүмүүсийн өчиг ба баримт” нэртэй Сулейманы комиссын мэдээллийн эх сурвалжийн тухай өгүүлсэн хэсэг бас л гайхалтай санагдана. Чухам Хула хотод юу болсныг сайн мэдэх суннитүүд мөрдөн байцаагчдаа хот руу оруулсангүй. Тэгэхлээр Комиссын гишүүд маань ямар гэрчүүдтэй учирсан байж таа рах билээ. Уулзсан гэх хүмүүсийн нэр, ажлын газар нь тодорхой бус. Баримт материалууд нь ч зохих ёс журмаар бус. Тийм болохоор мөрдөн байцаалтын үед бий болсон нотолгоогоор Хулад амиа алдагсдын ихэнх нь Засгийн газрын цэргүүдтэй тулалдсан алан хядагчид байжээ. Түүнээс гадна сөрөг хүчнийхний түшиц газар болоод байсан Хула хотод цэрэг байгаагүй бөгөөд тэд хотоос 1.5 км орчим зайд байрлаж байжээ.
Ер нь Комиссын илтгэлийг зэрвэс харахад гайхал төрүүлэм юм олон. Тухайлбал, хүмүүсийг хэн, ямар зорилгоор алав, тэр гэмт хэрэгтнүүд хаанаас ирээд хаашаа явав, тэдний барааг яагаад хэн ч хараагүй байдаг билээ гэх мэт асуултад одоо ч хариулт байхгүй. Хула хотын эргэн тойрны байр лалыг эзлээд байсан Засгийн газрын цэр гүүд тавдугаар сарын 25-ны өдөр хотыг их буугаар буудаж эхэлсэн гэж амь үрэг дэгсдийн төрөл төрөгсөд, найз нөхөд нь нотолдог. Тэгэхдээ хохирол бага байсан, 20 орчим хүн амь үрэгдсэн гэдэг. Гэтэл орой болоход арми өөрийн холбоотныг буюу Хула хотоос хэдхэн зуун метрийн зайд байх тосгон суурингуудаас хагас цэрэгжсэн “Шабих”-ын отрядуудыг хот руу оруулсан байна. Тэд галт зэвсэг цөөтэй байсан ч, алж устгах ажлаа чамлахааргүй хийжээ. Сумаа гамнахдаа зарим золиосоо их ойрхноос буудсан байгаа юм. Хула хотынхон сэхээ авмагцаа эсэргүүцэл үзүүлж, довтлогчид Хула хотоос нэг цагаас илүүгүй хугацаанд яваад очих тосгон суурин руугаа тарж оджээ. Болсон явдал ердөө энэ.
НҮБ-ын ажиглагчидтай хамт Хула хотод өөрийн биеэр очиж үзсэн Английн телевизийн сэтгүүлчид болсон үйл явдлын талаарх тэр нутгийн иргэдийн таамгийг дэлхий дахинд хүргэсэн юм. Үйл явдал ийн эсрэгээр эргэсэн нь Сирийн Засгийн газрынхны уур хилэнг бадраав. Хула хотод болсон үйл явдлын тухай мэдээлэх цорын ганц эх сурвалж Засгийн газар хэмээн зарлаад, өөр аливаа мэдээллийг аюултай гүтгэлэг хэмээв. Хула хотод үйлдсэн хэргийн төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй гэдгийг Дамаск хэнд ч ойлгогдохоор хэллээ. Үүгээр Сирийн Засгийн газ рын их чухал байр суурь тодорхой бо лов. Урьд нь бол энэ гэмт хэргийн учир бүгд ял хүлээх ёстой гэж Засгийн га зар нь үзэж байсан юм. Бослого тэмцэл эхэлж байхад цагдаагийнхан болон “Шабиха” жинхэнэ зоргоороо авирласан. Дараа нь хотын иргэдээс Башар Асад уучлалт хүссэн төдийгүй эндхийн мужийн захирагч нь албан тушаалаасаа огцорч байсан билээ. Одоо бол ямар ч хүнд гэмт хэрэг үйлдсэн байлаа гэсэн Башар Асадын дэглэм өөрийнхнөө буруутгахгүй нь тодорхой болоод байна.
Сирийн Засгийн газар өөрийн байр суурин дээрээ ганцаардмал биш байгааг хэлэх хэрэгтэй. Гэтэл хотуудаа дайны ажиллагааны талбар болгочихоод байгаа, бүхий л чадлаараа иргэдээ өмгөөлж хамгаалж буй босогчид ч ухрах бодолгүй байна. Гаднаас зэвсэг болон санхүүгийн дэмжлэг илэрхий авч, хилийн чанадаас сайн дурынхнаар хүчээ сэлбэж байгаадаа босогчид бардам байгаа төдийгүй Хула хотод болсон үйл явдалд дургүйцсэн Өрнөдийн тодорхой дэмжлэгийг хүлээх болов. Өөрийнх нь талд бусад орны суннит үүд олноор орж ирж буйгаас Сирийн сөрөг хүчин ичиж зовохоо хэдийнэ болиод байна. Сөрөг хүчний дайчид улам бүр догшин ширүүн үйл ажиллагаа явуулж, хуягласан техникийн цувуу руу уулгалан дайрч, Сирийн нутгаас бүхэл бүтэн муж (Идлиб)-ийг таслан авахыг санаархаж, партизаны дайнд бэлтгэх сургууль хүртэл байгуулж байна.
Сирийн Чөлөөт армийн зарим удирдагч НҮБ-ын тусгай төлөөлөгч Кофи Аннаны санал болгож буй энхийн төлөвлөгөөг эсэргүүцэж буйг гайхах явдалгүй. Өөрсдийн бодлыг хэр ноцтой болохыг нотлохын тулд босогчид тавдугаар сарын 30-нд Дамаскад тулган шаардлага тавьсан юм. Энхийн төлөвлөгөөг хоёр хоногийн дотор биелүүлж эс чадваас өргөн хүрээний дайн эхлүүлнэ гэж босогчид заналхийлэв. Кофи Аннаны санал болгоод байгаа төлөвлөгөөг үргэлжилсээр байгаа хүчирхийллийн нөхцөлд богино хугацаанд ширхэгчлэн хэрэгжүүлэх боломжгүй нь ойлгомжтой тул ийм шаардлага тавьснаар босогчид дайнаа зарлачихсан гэсэн үг. Зэвсэг, мөнгө хоёр далай шиг арвин байгаа, Асадад ард түмэн дургүйцэх нь улам бүр нэмэгдэж, Өрнөд дэмжиж байгаа нөхцөлд босогчид бодлоосоо ухарна гэж хүлээх аргагүй.
Эрх баригчид хийгээд сөрөг хүчин “эцсийн шийдвэрлэх тулаан” хийхээр нэгэнт зориг шулуудчихсан нөхцөлд нэг талаас Орос, Хятад, Иран, нөгөө талаас Өрнөд хийгээд Персийн булангийн арабууд гэсэн “дэмжигчдийн бүлэг”-ээс олон зүйл хамаарна. Сирийн нөхөд гэдэг ч уг нь бол “Асадын дайснууд” гэж нэрлэвээс зохилтой бүлгийн орнууд Хулад болсон үйл явдлын дараахнаас Сирийн дипломатчдыг бараг бүгдийг нь эх нутгаасаа хөөсөн билээ. Ямар орон хийсэн байхаасаа үл хамаараад ийм алхам нь зөрчлийг дипломат арга замаар шийдэхэд өчүүхэн ч тус болоогүй. Яагаад гэвэл хэлэлцээрт гол оролцогч талууд болох ёстой дипломатууд нь байхгүй болчихсон байв. Ямар сайндаа л Франц, Англи “Энэ Дамаскад чинь цохилт өгчихвөл яасан юм бэ” хэмээн хоорондоо сэм шивнэлдэж байх вэ дээ. Ийм яриа эхлэлийн төдий байгаа ч Ливи дэх хэрэг явдал чухам ийм л зүйлээс эхэлсэн шүү дээ.
Ерөнхийлөгчийнхөө сонгуулийн босгон дээр Ойрхи Дорнодын ээлжит дайнд оролцохыг идэвхтэй эсэргүүцэж байгаа АНУ-ын засаг захиргааны байр суурь эрхгүй сонирхол татна. Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны үгээр үг хийвэл, энэ зөрчил тэмцлийг эцэс болгохын тулд АНУ боломжтой бүхнийг хийсээр атал оросууд л болохыг нь байлгаад зогсохгүй Сири улсыг иргэний дайн руу түлхэж байгаа аж. Тэрбээр “Бид хөөрхий сиричүүдэд тусалж, Засгийн газрын нь армийн хүчийг тарамдуулах гээд байхад Москва саад болоод байна” гэж хэлсэн байна. Үүнээс Вашингтоны хоёр нүүр тодорхой ха рагдана. Энэ оны хоёрдугаар сард мөнөөх Хиллари хатагтай Сирийн хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж байсан юм. Түүгээр ч барахгүй өөрийн санаачилгаар, НҮБ-ын зөвшөөрөлгүйгээр Башар Асадын өргөөг бөмбөгдөхийг Франц болон Саудын Арабад зөвшөөрч болохгүй хэмээн Барак Обама дөрөвдүгээр сард ихээхэн хүчин чармайлт гаргаж байлаа. Муаммар Каддафийн эмгэнэлт хувь заяаг санагалзан Өрнөдөд ямар ч буулт хийхгүй. Асадыг ямар ч тохиолдолд бууж өгөхгүй байх тууштай байр суурийг Москва баримталж байна.
Р.ЖАРГАЛАНТ