Хэдэн арван мянганаас янагш дэлхийн соёлын уурхай байж ирсэн Ази тивд хүн төрөлхтний түүх, соёлын гайхамшигт өв болсон дурсгал цогцолбор олон. Тэр дундаа буддын шашны соёл, уламжлалыг харуулсан ариун дагшин газрууд энд зонхилдог юм. Харамсалтай нь, эдгээр баялгийн нэг хэсэг байгалийн гамшиг, хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас болж сүйрлийн ирмэгт ойртоод байна.
ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн сан энэ төрлийн 500 гаруй түүхэн дурсгалаас устан арчигдахад тулсан арвын талаар өнгөрсөн сард мэдээллээ. Уул уурхай, хөрсөн дорх баялгийн хойноос хошуурах зуур хэдэн мянган жилийн тэртээ өвөг дээдсийн маань бүтээн босгосон эдгээр гайхамшиг бидний ой тооноос ч үүрд арчигдахад хүрч байна. Эртний соёл иргэншлийн гэрч болох бүтээлүүдийг хогийн тантан, мөргөлдөөний талбар болгохоо зогсоож, сэргээн засварлахыг ЮНЕСКО уриалсан юм.
АФГАНИСТАН
Буддын эртний хийд Мес-Айнак нь нийслэл Кабулаас 40 км урагш Торгоны зам дээр оршдог. 1400 жилийн түүхтэй энэхүү газар мөргөлчид залбирал үйлддэг байсан бол, “Аль-Каида”-гийн террористууд сургуулилт хийдэг байжээ. МесАйнакийн ойр орчим зэсийн асар их нөөцтэй. Хятадын зэс олборлогч компани энд олборлолт хийхийн тулд уг түүхэн дурсгалыг хоёр жилийн дотор бүхлээр нь нураах гэж байгаа. Франц, Афганистаны эрдэмтдийн хамтарсан археологийн баг 2009 оноос тус газарт малтлага, судалгаа хийхээр хөөцөлдөж байгаа ч амжилт олоогүй байна.
КАМБОЖ
Өдгөө арав дахь зуунаа элээж буй Кхмерийн Прэахвихеагийн балгас Тайланд, Камбож улсын маргааны гол сэдэв байсаар ирсэн. Харин олон улсын шүүхийн шийдвэрээр 1962 онд үүнийг Камбожийн мэдэлд шилжүүлсэн юм. Уг гайхалтай бүтээл байгаль, цаг уурын хүчин зүйлийн улмаас элэгдээд зогсоогүй хоёр улсын армийн зэвсэгт мөргөлдөөний талбар болж байгаа нь харамсалтай. Олон улсын шүүх хоёр талыг Прэахвихеаг дай ны бүс болгохгүй байхыг өнгөрсөн оны хоёрдугаар сард мэдэгдсэний дараа байдал харьцангуй тайван болсон ч сэргээн засвар яаралтай хийх хэрэгтэй байгаа юм.
ПАКИСТАН
Такшашила бол будда, исламын шашинтнуудын ариун газар. Манай эриний V зуунаас өмнө 1000 шахам жилийн турш бясалгалын төв, оюун ухааныг сэргээгч газар хэмээн шүтэж байсан ч одоо террористууд, булш тоногчид болон барилгын салбарт бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлын мөргөлдөөн дунд эвдэрч, сүйдэж байна.
ЭНЭТХЭГ
Таван мянган жилийн түүхтэй Рахигархи хот нь эртний Энэтхэгийн соёл иргэншил, бүтээн байгуулалтын гэрч. Гэвч тус улсын Засгийн газар хад галалт, хамгаалалтад нь анхаарал тавих гүй бай гаагаас нутгийн иргэд хотын тууринд зэрлэг үхрийн баас хатааж, хогийн цэг болгох маягаар ашиглаж байна. Орон нутгийн хүн амын суурьшилтын бүс тэлэхийн хэрээр Рахигархийн судлагдаагүй хэсэг газар дор булшлагдаж байгаа юм.
ТАЙЛАНД
Эртний Сиамын нийслэл Аюутт хаяаг хүмүүс “Дорнын Венец” гэдгээр нь сайн мэднэ. Италийн Венец хоттой адил усанд автах аюултай гэдгийг нэрээс нь хараад л ойлгож болмоор. XIV-XV зуунд баригдсан сүм хийдийн суурийг их ус зэвэргэн, элээж байгаа. Нэгэнт хагарч цуураад эхэлсэн барилгыг өнгөрөгч оны үер бүр ч сүйдэлж орхисон аж.
БАНГЛАДЕШ
МЭӨ III зуунаас улбаатай Махас тангарх бол Бангладешийн археологийн олдворын хамгийн эртнийх нь юм. Тиймээс ч хамгаалж авч үлдэхэд хүндрэл учирч байгаа. Түүх, соёлын өвийг хамгаалалтад авах шийдвэр 1920 онд гарсан ч энэ нь зөвхөн Засгийн газрын мэдлийн хэсэгт л хамаатай ажээ. Оршин суугчдын хайр гамгүй байдал, буруу үйл ажиллагаанаас болж үлдсэн хэсэг нь балгас болж байна.
ХЯТАД
Исламчуудын өв дундаас хөндөгдөөгүй, онгоноороо байгаа гэж болох Эртний Кашгар хот одоо хурдацтай устан, үгүй болж байна. Хятадын Засгийн газар Кашгарын 85 хувийг нураах ажилдаа хэдийнэ орсон ажээ. Хотын хүн амын тал хувийг багтаах орон сууцны хорооллыг 1000 орчим жил болж хуучирсан, газар хөдлөлтөд эмзэг гэх үндэслэлээр газрын хөрснөөс арчин хаяхаар болжээ.
МЬЯНМА
Мьянмагийн өмнөд Ракхайн хотын арилжааны нөлөө бүхий бүс болох Мраук-Ю Араканы хаант улсын нийслэл байсан. Аракан улс 1435 оноос хүчирхэгжсэн ч Бирмийн Конбаун улсын түрэмгийлэгчид 1785 онд эзэлснээр мөхжээ. Мраук-Югийн ихэс дээдэс энд суварга, сүм дуган, хүрээ хийд барьсан. Харамсалтай нь, өдгөө тө мөр зам тавьж, худалдаа наймааг өргө жүүлэхийн тулд соё лын өвийг устгаж байгаа юм.
ФИЛИППИН
Манила хотын Интрамурос цайз нь Филиппинийн эрт үеийн соёл иргэншлийн нэрийн хуудас билээ. Энэхүү хэрмийг XVI зууны үед Испанийн колоничлогчид Британи, Герман болон Хятадын эзлэн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулахын тулд барьсан юм. Дэлхийн II дайны үед бөмбөгдөлтөд өртсөнөөс хойш үүнийг сэргээн засварлаагүй байгаа. Засгийн газар нь түүхийн энэхүү дурсгалыг нурааж, арилжааны бүс болгоно гэсэн дам яриа олны дунд таржээ.
ЛАОС
Сиэнг Хуаны тэгш өндөрлөгт хүрэл зэвсгийн үеийн хэдэн мянган чулуун домбо хөглөрч байдаг. Нутгийн иргэд эндхийг Домбот тал хэмээдэг ажээ. Эртний оршин суугчид эдгээр домбонд чан дар хадгалдаг байсан гэж эрдэм тэд таамагласан байдаг.
Элс, шохойн болон боржин чулуугаар урласан тэрхүү домбоны заримд нь Вьетнамын дайны үеийн дэлбэрээгүй бөмбөг ч хадгалагдаж үлдсэн. Үүнээс гадна оршин суугчид тэдгээрийг тэжээвэр тахианы үүр, амьтны идүүр, хогийн сав болгон ашиглаж байна.
Г.САЙНЗАЯА