Энэтхэгийн Ассам мужийн Садия хот руу хортой хэдэн мянган аалз дайрсан тухай “The Times of India” мэдээлжээ. Хотод баяр тэмдэглэж байхад аалзууд гэнэт гарч ирсэн хэмээн хүмүүс ярьжээ. Энэ үеэр хоёр хүн аалзанд хазуулан нас барж, 100 гаруй хүн хордсон байна.
Хүмүүс сандралдан ийш тийш гүйхдээ бие биенээ дарж унаган, гэмтээсэн тохиолдол ч гарчээ. Хотын эмч, биологчид ямар төрлийн аалз гэдгийг нь тогтоож чадаагүй байгаа тул хордсон хүмүүст хэрхэн эмчилгээ хийхээ мэдэхгүй байна. Садия хотод ирсэн эрдэмтэд “Шувуу иддэг аалзтай төстэй ч арай өөр төрлийнх бололтой. Тэд харагдаж буй, хөдөлж буй бүхэн рүүгээ дайрдаг, хаздаг” хэмээсэн байна.
Хотын захиргааныхан иргэддээ хандан шөнө орой, ганц нэгээрээ гадагш гарахгүй байхыг сануулж, гудамж талбайгаар хор цацах талаар хэлэлцэж байгаа аж.