Оросын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д гурав хоногийн албан ёсны айлчлал хийхээр өчигдөр Бээжинд очлоо. Эрчим хүч, гадаад бодлогын, тэр дундаа Сирийн хямралын асуудлыг голчлон хэлэлцэх төлөвтэй эл айлчлалын өмнө В.Путин хийсэн мэдэгдэлдээ өнгөрөгч онд 84 тэрбум ам.долларт (55 тэрбум юань) хүрч, рекорд тогтоосон тус хоёр орны гадаад худалдааны эргэлтийг цаашид ч нэмэгдүүлэх сонирхолтой буйгаа тэмдэглэжээ.
Тэрбээр Хятадын Ерөнхийл өгч Ху Жинтаотай өчигдөр орой уулзахаар төлөвлөсөн тухай ВВС мэдээлэв. Харин өнөөдөр Хятадын Ерөнхий сайдын орлогч, дараагийн Ерөнхий сайд болох магадлалтай хэмээн яригдаж буй Ли Кецянь, энэ оны сүүлчээр болох төрийн удирдлагын халаа сэлгээний үеэр өмнөд хөршийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдож магадгүй хэмээн хүлээж буй, Дэд Ерөнхийлөгч Си Жинпин нар Оросын төрийн тэргүүнд бараалхах юм байна. Хойд хөршийн Төрийн тэргүүнийг дагалдан Засгийн газрын танхимын зургаан сайд, газрын тосны "Газпром" компанийн тэргүүн болон эрчим хүчний зарим компанийн төлөөлөгчид яваа аж.
Манай хоёр их хөршийн удирдлага айлчлалын үеэр бизнес, худалдааны 17 томоохон баримт бичигт гарын үсэг зурах агаад харин хоёр талын хооронд удтал хэлэлцэж буй хийн нийлүүлэлтийн тухай гэрээ энд багтсан эсэх нь тодорхойгүй байна. Энэхүү гэрээний төсөлд зааснаар, ОХУ-аас Хятадад 70 тэрбум шоо метр хий экспортлох боломж нээгдэх юм. Гэвч дэлхийн эрчим хүчний хамгийн том үйлдвэрлэгч Орос, хамгийн том хэрэглэгч Хятадын дунд үнийн талаар одоо хэр тохиролцож чадаагүй буйг сүүлийн үеийн мэдээллүүд харуулж байгаа. Айлчлалын өмнө ноён Путин Хятадын төрийн хэвлэл "Жиньминь жибао"-д бичсэн нийтлэлдээ хоёр талын худалдааг 2015 онд 100 тэрбум ам.доллар, 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүргэх санаатай буйгаа мэдэгджээ.
Эдгээр зорилтод дурдсан хугацаанаас өмнөх хүрэх боломж бий гэдгийг ч тэрбээр онцлов. Оросын Ерөнхийлөгч "Жэньминь жибао"- д бичсэн өгүүлэлдээ дэлхий дахинаа явагдаж буй бүх л үйл явцад ОХУ, БНХАУ чухал үүрэгтэйг онцлон тэмдэглээд, "Дэлхийн улс төр, эдийн засгийн амин чухал ямар ч асуудлыг тус хоёр орны ашиг сонирхлыг тооцохгүйгээр шийдвэрлэх боломжгүй" хэмээв. Өнөө маргааш Хятадад зохиох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) чуулганд В.Путин оролцоно. Бүс нутгийн тогтвортой байдлын асуудалд ШХАБ-ын олсон амжилтыг хойд хөршийн удирдагч өгүүлэлдээ цохон дурдаж, тус байгууллагын оролцогч орнууд зөвхөн улс төр гэлтгүй, эдийн засгийн салбарт ч үр ашигтай хамтран ажиллах шаардлагатай хэмээн мэдэгджээ.
Х.ЭНХ