Нигерийн нийслэл Абужагаас Лагос хот руу нисэж явсан зорчигч тээврийн онгоц осолдож, 153 хүн амиа алдсан тухай АР мэдээлэв. Агаарын тээврийн “Dana Air” компанийн эл онгоц нисэх онгоцны буудлаас холгүй хоёр давхар байшин дээр унасан байна. Онцгой байдлын албаныхны мэдээлж буйгаар, онгоцны багийн гишүүд, зорчигчид бүгд амиа алдсан бөгөөд ослын газарт ажиллаж буй аврагчид одоогоор 10 гаруй хүний цогцсыг илрүүлээд байгаа гэнэ. Түүнээс гадна онгоцонд дайрагдаж амиа алдсан хүн байж болзошгүй хэмээн аврагчид мэдэгджээ.
Осол болсноос 45 минутын дараа аврах багийнхан очсон бөгөөд тэднийг очихоос өмнө нутгийн оршин суугчид талийгаачдын эд зүйлсийг тонож, авч одсон тухай “The Daily Times” мэдээллээ. Тонуулчид зорчигчдын гар утас, зөөврийн компьютер, зүүж явсан үнэт эдлэл зэргийг авсан гэнэ. Эрх баригчид ослын шалтгааныг тодруулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Түүнээс гадна ослын үеэр хийсэн бичлэг олдсоныг цагдаагийнханд шилжүүлсэн байна.
Эмгэнэлт явдалтай холбогдуулан гурав хоногийн гашуудал зарлах зарлигийг Ерөнхийлөгч Гудлак Жонатан гаргасан аж. Үүний сацуу Нигерийн Лагос хотоос хөөрсөн ачааны онгоц Ганагийн нийслэл Аккрад ослын буулт хийсэн тухай мэдээлэл иржээ. AFP мэдээлснээр онгоц буулт хийхдээ автобустай мөргөлдсөний улмаас 10 хүн нас баржээ.
Х.ОД