Египетийн Төрийн тэргүүн асан Хосни Мубаракийг 2011 оны хавар болсон олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчдад хүч хэрэглэсэн, хүний амь хөнөөсөн хэмээн буруутгаж, бүх насаар нь хорих ял оноосон тухай “Интерфакс” мэдээллээ.
Дотоод хэргийн сайд асан Хабиб Адли тэргүүтэй хэд хэдэн түшмэлийг энэ хэргээр мөн шүүсэн бөгөөд тэднийг цагаатгажээ. Цагдаагийн академийн байранд болсон шүүх хурал хэдхэн минут үргэлжилсэн аж.
Экс Ерөнхийлөгчийг дэмжигчид, мөн түүнийг эсэргүүцэгч хэдэн арван мянган хүн Цагдаагийн академийн дэргэд цугласан бөгөөд цагдаагийн 20 мянган ажилтан хамгаалалтад гарсан байна. Хосни Мубаракийг Каир руу нисдэг тэргээр авчирч, дамнуурга дээр хэвтүүлэн шүүхийн танхим руу оруулсан байна.
Шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулсны дараа танхимд байсан иргэдийн зарим нь Ерөнхийлөгч асныг өмөөрөн, нэг хэсэг нь буруутгаж, хоорондоо гар зөрүүлсэн аж. Прокурор Мустафа Хатер тэргүүтэй хүмүүс Хосни Мубаракт хөнгөн шийтгэл оноолоо хэмээн үзэж, цаазаар авах ял оноохыг шаарджээ. Х.Мубаракийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдлээ. Экс Ерөнхийлөгч шүүх хурлын үеэр сэтгэлийн ямар нэгэн хөдөлгөөн үзүүлээгүй, харин түүний хөвгүүд нулимс унагах шахаж байсныг эх сурвалж онцлов. Х.Мубаракийн бие эрс мууджээ Өнгөрсөн оны эсэргүүцлийн жагсаалын дүнд албан тушаалаасаа огцорсон Хосни Мубаракийн зүрх өвдөж, эмнэлэгт хэвтсэн билээ. Түүнийг ходоодны хавдар туссан, ухаангүй болсон гэх мэдээлэл гарч байсан ч нотлогдоогүй.
84 настай Х.Мубарак хөдөлж, явж чадахгүй болтлоо бие нь дордсон тул түүнийг нисдэг тэргээр авчирч, шүүх хуралд оролцуулжээ. Түүний бие тун муу байгааг шүүх хуралд оролцсон хүмүүс ч хэлж байжээ. Шүүхийн шийдвэр гарсны дараа Х.Мубаракийг Каирын “Тора” хорих анги руу нисдэг тэргээр хүргэсэн байна. AFP мэдээлснээр, нисдэг тэрэг газардахын өмнө экс Ерөнхийлөгч уйлж, буухаас татгалзсан аж. Ахмед Шафикийн сонгуулийн штабыг тҮйвээлээ Төрийн тэргүүнд нэр дэвшигч Ахмед Шафикийн сонгуулийн штаб руу өчигдөр хүмүүс дайрч, түйвээжээ. Каираас өмнө зүгт орших Аль-Файюм хот дахь сонгуулийн штабын байр руу хэсэг хүн дайрч, тавилга, компьютеруудыг нь гаргаж хаясны дараа гал тавьсан тухай “Reuters” мэдээлэв. Түүнээс гадна Ахмед Шафикийн Хургада дахь сонгуулийн штабын байр руу дайрсан байна.
Хууль сахиулагчид хоёр хотод үүссэн нөхцөд байдлыг хяналтад авснаа мэдэгджээ. Х.Мубаракийн Засгийн газрын тэргүүн асан Ахмед Шафик Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд тунаж үлдсэнд дургүйцсэн иргэд өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Каир дахь сонгуулийн байрыг нь шатаасан билээ. Энэ сарын 16-17-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Ахмед Шафик, “Лалын ахан дүүс” хөдөлгөөнөөс нэр дэвшигч Мохамед Мурси нар хүчээ үзнэ.
Х.ОД