Төвдийн нийслэл Лхаст энэ сарын 27-нд хоёр лам өөрийгөө шатаасны дараа Хятадын Аюулаас хамгаалах албаныхан хэдэн зуун хүнийг баривчилсан тухай “Reuters” мэдээлжээ. “Radio Free Asia” мэдээлснээс үзэхэд, Хятадын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнд оролцсон гэх 600 орчим хүн баривчлагдсан аж. Төвдөд гаднын сэтгүүлчдийг очихыг хориглодог тул тэнд яг юу болж байгаа талаар талаар тодорхой мэдээлэл алга хэмээн эх сурвалж онцолжээ. Түүнээс гадна уржигдар Хятадын Сычуань мужид төвд гаралтай бүсгүй зулын гол болсон тухай гаднын хэвлэлүүд мэдээлсэн байна. Харин Лхаст болсон баривчилгаа болон эл эмэгтэйн талаар Хятадын хэвлэлд мэдээлсэнгүй. Хятадын эрх баригчид Төвдийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амиа золиосолж буй хүмүүсийг террорист, гэмт хэрэгтэн хэмээн нэрлэж, энэ бүх явдалд Дээрхийн гэгээн XVI Далай лам болон салан тусгаарлах үзэлт бүлэглэлийнхнийг буруутгадаг. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш 35 төвд хүн өөрийгөө шатаасан хэмээн олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллага мэдэгдэж буй.