Хувь заяаны шоглоомоор, эрт цагт эм хэмээгддэг асан, одоо цагт хар тамхи гэж нэрлэгдсэн бодистой цайны түүх салшгүй холбоотой байжээ. Зарим эх сурвалжид тэмдэглэснээр хар тамхины намуу цэцгийг өвөг дээдэс “баяр баясгалангийн ургамал” хэмээн нэрийддэг байж. Эртний Египетэд хар тамхийг өвчин намдаах, нойрсуулах зорилгоор хэрэглэж байв. Хар тамхи Ойрхи Дорнодоос гаралтай гэж шинжээчид үздэг. Чухам тэндээс л грек, ромчууд, хожмоо европчууд хар тамхи зөөсөн түүхтэй.
Наймаачид “баяр баясгалангийн ургамлыг” мөн Иран, Энэтхэг, Төв Азийн орнуудад хүргэсэн. Намуу цэцгийг дээр өгүүлсэнчлэн нойрсуулах, өвчин намдаахаас гадна мансуурах зорилгоор хэрэглэж байв. Газар дундын тэнгис, баруун Европын ард түмэн дарс хийдэг учир хар тамхи хэрэглэх нь тун ховор байлаа. Харин Зүүн өмнөд Азид дарс, согтууруулах ундаа хэрэглэх соёл дэлгэрээгүй, мөн лалын шашин үүнийг хатуу хориглодог учир энэ ургамал “зугаа цэнгээний” үүрэг гүйцэтгэж байжээ.
Эмнээс мансууруулах бодис хүртэл
Намуу цэцэг хэрэглэгчдийн хүрээ өргөсөж, энэ ургамлын эрэлт ихсэхэд хар тамхины томоохон зах зээл бий болов. Энэтхэгийн Их Моголын үеийн хаад ашигтай энэ бизнест хөл тавьж, монополь тогтоожээ. Европт ч, Дорно дахинд ч хүмүүс намууг зажлах, залгих, усанд хандалж уух зэргээр мансуурч байлаа. Энэтхэгийн цэргүүд олон цагаар бэлтгэл хийж цуцсаныхаа дараа өвс залгиж, тамир тэнхээтэй болдгийг Английн эмч нар тэмдэглэсэн нь бий. Гэтэл энэ өвс хүний биед асар хортой, мөн донтуулах чадалтай гэдгийг XIX зууны сүүлч хүртэл хэн ч яриагүй нь магадгүй энэ талаар судлагдаагүй байсантай холбоотой байх.
Европ эмч нар цусан суулга, хөхүүл ханиад, чихрийн шижин, булчин задрах тахал, багтраа, нойргүйдэл зэрэг бараг л бүх өвчнийг эмчлэхэд өвчин намдаах зорилгоор хар тамхи хэрэглэж байжээ. “Эм” хурдан үйлчилж байгааг өвчтөнүүд ч хүлээн зөвшөөрдөг учир эмчийн жоргүйгээр, эмийн сангуудад худалдаална. XIX зуууны эхэн хагаст л гэхэд жил бүр 20 тонн хар тамхи Англи руу зөөдөг байж.
Шотландад хар тамхи анх ургуулсан Эдинбургийн агрономич томоохон шагнал хүртжээ. Хар тамхины наймаа өргөжих хэрээр Британи, Энэтхэгийн харилцаа тэлж, “East India” компани байгуулагдав. Гэхдээ уг компани хар тамхиа Европ руу бараг зөөдөггүй, учир нь тэндхийнхний хэрэгцээг туркчүүд хангана.
Хар тамхийг боловсруулах технологи улам хөгжиж, Азийн худалдааны замуудын гол зангилаа болох Хятадын зүүн өмнөд хэсэг хар тамхичдын нутаг болжээ. Эхэндээ Хятадын эрх баригчид үүнд анхаарал хандуулаагүй ч дараа нь хэд хэдэн удаа хориглосон. Хар тамхины зах зээл өргөжиж, үүнийг дагасан сөрөг үр дагавар газар авахад Бээжин дорвитой арга хэмжээ авахад хүрсэн аж.
Цайны хариу
Эртний Хятад цайг мөн л эмчилгээний журмаар хэрэглэдэг байлаа. Тан гүрний үед VIII–IX зуунд л хятадууд цайг өдөр тутам хэрэглэж эхэлсэн. Цайны навчийг усанд чанан, шөл маягийн зүйлээр ч хооллоно. Дундад улсын ард түмний соёлын салшгүй нэгэн хэсэг болсон цайг европчууд хожуу мэдсэн нь учиртай. Цайг Европ руу тээвэрлэхэд тэр үед 4-6 сарын хугацаа шаарддаг байжээ. Бас англичууд цайг эхэндээ тийм ч таатай хүлээн авсангүй. “East India” компани Лондоны оршин суугчдын жилийн хэрэгцээг хангах цайг Хятадаас зөөж байв. Авсан цайныхаа үнийг мөнгөөр төлж байсан нь британичуудад таалагдсангүй. Хэтэрхий их зарлага гаргаж, өндөр үнэ төлсөн цайны хариуд британичууд хар тамхи нийлүүлж эхэлжээ. Гэхдээ Европоос биш Энэтхэг дэх “East India” компаниас. Энэ нь их хэмжээний ашиг авчирч байв. Энэтхэгт хайрцаг нь 150 фунтийн үнэтэй байдаг хар тамхи Кантоны буюу одоогийн Гуанжоугийн боомтод 520 фунтээр зарагдаж байжээ.
Хятадыг хар тамхижуулсан нь
Хятадууд хар тамхийг мөнгөөр худалдан авдаг байв. Гэсэн ч Өмнөд Хятадад их хэмжээний мөнгө биедээ авч явах нь наймаачдад аюултай байлаа. Наймаачид Кантонд байрлах “East India” компанийн салбарт мөнгөө тушаан хэрэгцээтэй зүйлээ авч, компанийнхан энэ мөнгөөр цай худалдан авч Лондон руу илгээнэ. Ийм маягаар хар тамхинаас олсон мөнгө цайны бизнес рүү ордог. Хар тамхины нийлүүлэлт нэмэгдэх тусам компанийн ашиг нэмэгдэж, “East India” зөвхөн цай бус, мөнг өн гулдмай ачсан усан онгоцуудыг Европ руу илгээдэг боллоо. Хар тамхинд донтсон хүний тоо Кантонд л гэхэд 10 мянга гарч байсан хэмээн тэр үед Европын номлогч нар тэмдэглэжээ. “Гадныхны бузар” хэмээн хятадуудын нэрлэдэг хар тамхи хамгийн бөглүү сууринд ч хүрч, цагаан тахалд нийгмийн бүх давхарга өртсөн юм.
Эрх баригчдын тавьсан хориг үр дүнгээ өгөөгүй нь бага, дунд шатны түшмэд, цэргийнхэн, гаалийн ажилтнууд бүгд энэ наймаанд гар бие оролцож байсантай холбоотой. “East India” компанийнхан 1830-аад хэд хэдэн хүчтэй өрсөлдөгчтэй болж, орлого нь буурч эхэлжээ. Гэсэн ч авсан цайныхаа үнийг төлчих хэмжээний мөнгө хар тамхины наймаанаас олсоор л.
1834 онд Британийн Парламент Хятадад хар тамхи нийлүүлэх монополь эрхийг тус компаниас хураан авчээ. Адам Смитийн дэвшүүлсэн санаа хэрэгжиж, чөлөөт зах зээлийн эрин эхэлсэн үед захын худалдаачин Кантоноос цай зөөж байлаа. Түүний сацуу Хятадын эрх баригчид хар тамхины эсрэг дайн зарлажээ.
1840–1842 онд дэгдсэн хар тамхины эсрэг дайны эхлэлийг Британийн худалдаачин тавьжээ. Хятадын эрх баригчид худалдаачны авч явсан 20 хайрцаг хар тамхийг хураан авч, устгасан аж. Британи Хятад руу цэргээ илгээж, дайнд ялсан. 1842 оны наймдугаар Нанжиний энхийг гэрээг байгуулж, Хятадууд Хонконгийг Британид өгч, дээрээс нь нөхөн төлбөр төлсөн. Хожмоо 1856 онд хятадууд Британийн “Эрроу” хөлгийг эзэлснээр хар тамхины эсрэг хоёр дахь дайн дэгджээ. Энэ удаагийн дайнд хятадууд мөн л ялагдсан аж. Дэлхийг хэрсэн цагаан тахал Одоогийн байдлаар дэлхийн дийлэнх улсад хар тамхи хэрэглэх, худалдах, тээвэрлэхийг хориглодог. Хар тамхитай тэмцэх олон улсын конвенцэд Экваторын Гвиней, Тимор-Лешти, Вануату, Кирибати, Науру, Кукийн арлууд, Самоа, Тувалу зэрэг цөөн улс нэгдээгүй. Гэсэн ч хар тамхины зах зээл өргөжин тэлсээр байна. Хар тамхины хамгийн том үйлдвэрлэгч нь Хойд Америк. Тэд өөрсдийнхөө хэрэгцээг хангаж, багахан хэсгийг нь тив, улс дамнуулан хууль бусаар наймаалдаг. 2010 оны байдлаар мансууруулах бодисын хар зах зээл дээр 15- 30 тэрбум ам.доллар эргэлдэж байжээ.
Х.ОД