БНАСАУ-ын газар доорх байгууламжийн бүдүүвч зураг
АНУ, БНСУ-ын десантын цэргүүд БНАСАУ-ын цэргийн газар доогуурх байгууламжийн талаар мэдээлэл олохоор тус улсад буусан тухай AFP мэдээлжээ. АНУ-ын Тусгай хүчний Өмнөд Солонгос дахь бие бүрэлдэхүүний командлагч, генерал Нил Толли хэд хоногийн өмнө Флоридад болсон бага хурлын үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Нил Толлийн тавьсан илтгэлээс гадаад харилцааны “The Diplomat” сэтгүүл тэргүүтэй хэд хэдэн хэвлэл иш татан нийтэлжээ.
“БНАСАУ-ын газар доорх байгууламжууд манай хиймэл дагуулуудын дуранд өртдөггүй. Тиймээс энэ талаар тагнахаар БНСУ, АНУ-ын десантчдыг умард руу илгээсэн” хэмээн тэрбээр ярьжээ. Түүнчлэн десантынхан хойд солонгосчуудад олзлогдохоос сэргийлж, тэд цөөхөн зэвсэг авч яваа аж. Тэд одоогийн байдлаар хоёр Солонгосын хилийн заагт орших цэрэггүй бүсэд газар доогуур барьсан дөрвөн хонгил, Умард Солонгост газар доогуур барьсан байгууламж нисэх онгоцны 20 буудал илрүүлээд байна. БНАСАУ 2006, 2009 онд газар дор цөмийн туршилт хийсэн билээ.
Өмнөд Солонгосын “Ренхап” агентлагийн мэдээлснээр хойд солонгосчууд Хам ген-Пукто муж дахь полигоны газар доорх хонгилыг тоноглож, гурав дахь туршилтаа хийхээр зэхэж байж магадгүй гэнэ.