Хятадын баруун өмнөдөд байрлах Юннань мужид 56 настай Жан Юнмин гэдэг эрэгтэйг 11 хүний амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан баривчилсан тухай "Синьхуа" мэдээллээ. Тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны мэдэгдсэнээр, Жан Юнмин 2008 оноос эхлэн 11 эрэгтэйн аминд хүрсэн нь бүгд хэрэгтний гэрийн ойролцоох нам гүм замд ганцаараа алхаж явахдаа халдлагад өртсөн ажээ.
Жан Юнмин уг байшинд сүүлийн дөрвөн жил ганцаараа амьдарсан юм байна. Тэрбээр үйлдсэн хэргийнхээ ул мөрийг баллахын тулд цогцсыг мөчлөх, шатаах, булах зэрэг олон арга хэрэглэсэн байгаа гэнэ. Орон нутгийн цагдаагийн байгууллагын ажилтнуудтай НАХЯ-ныхан хүч хавсран, 20 гаруй хоног явуулсан эрэн сурвалжлах ажиллагааны дүнд хэрэг гарсан Жиннинь тойргийн Нанмэн тосгонд түүнийг баривчилсан аж. Хохирогчдын насны талаар эх сурвалж мэдээлсэнгүй. Ямартай ч тэдний ар гэрийнхэнтэй цагдаагийн газар холбоо тогтоогоод байгаа юм байна. Жан Юнмин 1979 онд хүн амины хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон ч шүүхээс оноосон шийтгэлийн зүйл ангийг хэд хэдэн удаа өөрчилж зөөллөснөөр 1997 онд шоронгоос суллагджээ.
AFP мэдээлснээр, Жан Юнминийг эх орондоо хүний мах иддэг "мангас" хэмээн нэрлэж байгаа аж. Ээлжит "олзоо" ид бад хийчихээд, өлсгөлөн араатан лугаа дайрч, махыг нь зооглодог байсан бололтой. Гэвч энэ талаар нь "Синьхуа"-гийн мэдээнд нэг ч өгүүлбэр алга байна. 1950-иад оны аж үйлдвэржүүлэх бүтээн байгуулалтын жилүүдэд өмнөд хөршийн хүн амын дунд каннибализм буюу хүн нь хүнээ идэх жигшүүрт хэрэг гарч байсан гэдэг. Хятадын эрх баригчид ч дээрх гэмт хэргийн нарийн ширийнийг зориуд нууцалж байж болох талтай.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Хонконгийн "The standart" сонинд эл хэргийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн нийтлэлд бичсэнээр бол, Нанмэн тосгон дахь Жан Юнминий гэрээс дарсны лонхонд архи дүүргэж дарсан хүний нүд олон олдсон гэнэ. Мөн гурван нохойгоо хүний махаар хооллодог байж болзошгүй ул мөр ч тэнд илрүүлсэн юм байна. Хэрэг гарсан газрын цагдаагийн байгууллагын даргыг ажлаас нь чөлөөлж, НАХЯ-наас томилогдсон ажлын хэсэг гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Хэргийн газрын эргэн тойронд хоёр км-т оршин суудаг 20 орчим залуу сураггүй алга болсон талаар эх газрын хэвлэлд мэдээлжээ.
Х.Энх