Гүржийн сөрөг хүчнийхэн Тбилисийн төв талбайд томоохон жагсаал зохион байгуулав. Сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” эвслийн тэргүүн, тэрбумтан Бидзина Иванишвили Парламентын сонгуулийн өмнөх кампанит ажлаа идэвхтэй явуулна гээд ирэх намар болох сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Гүржийг ардчилсан, хүчирхэг, нэгдсэн улс болгохын төлөө тэмцэнэ” хэмээн мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Ажилгүйдлийг багасгаж, тэтгэврийг нэмэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, шүүх тогтолцоог шинэчлэх төлөвлөгөөтэй буйгаа жагсаалын үеэр өгүүлжээ. “Интерфакс” мэдээлснээр, Тбилисийн төв дэх Эрх чөлөөний талбайд 10 мянга орчим хүн цугласан гэнэ. “Ийм том хэмжээний жагсаал, цуглаан манай улсад өмнө нь болж байгаагүй” хэмээн сөрөг хүчний эвслийн гишүүн, сэтгүүлч Эка Беселия хэмээлээ.
Оролцогчид “Бид эхэлж байна” гэсэн бичиг бүхий уриа барьсан байсан аж. Цуглааны үеэр ямар нэгэн зөрчил, мөргөлдөөн гараагүй байна. Бидзина Иванишвили улс төрд орох, сонгуульд оролцох хүсэлтэйгээ илэрхийлсний дараа түүнийг Гүржийн иргэний харьяаллаас хассан юм. Эрх баригчид уг шийдвэрээ Бидзина Иванишвили Францын паспорттой хэмээн тайлбарласан аж.
Х.ОД