АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама гэр бүлийнхээ санхүүгийн орлогыг 2.6-8.3 сая доллараар үнэлжээ. Засгийн газрын гишүүдийг ёс зүйн хэм хэмжээ даган мөрдүүлэх тухай 1978 оны хуулийн дагуу Цагаан ордон Холбооны өндөр албаны тушаалтнууддаа хөрөнгө санхүүгийн орлогоо жил бүр ил тод мэдээлэх үүрэг ногдуулдаг. Үүний дотор ямар үнэт цаас, компанийн хувьцаа, Засгийн газрын бонд эзэмшдэгээ олон нийтэд мэдэгдэх ёстой байдаг. Үүний зорилго нь мэдээж ашиг сонирхлын болзошгүй зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэхтэй холбогдоно. Засгийн газрын ёс зүйн удирдах газрын ажилтнууд Ерөнхийлөгч Б.Обама, Дэд Ерөнхийлөгч Ж.Байден нарын ирүүлсэн гэр бүлийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаад, ашиг сонирхлын зөрчил илрүүлээгүй болохыг Цагаан ордон тэмдэглэлээ. Бүтэн жилийн цалин нь 400 мянган ам.доллартай тэнцэх Обамагийн орлогын бодитой хэсэг нь Цагаан ордонд ирж төвхнөхөөсөө өмнө бичсэн “Миний аавын мөрөөдлүүд”, “Чиний тухай дуулъя: охиддоо бичих захидал” зэрэг номын орлогоос бүрджээ.
Эдгээр бүтээл нь 250 мянгаас 2.1 сая ам.долла раар үнэлэгдэх орлого авчирсан ажээ. Америкийн Тэргүүн хосын Чикаго дахь сууцыг 500 мянгаас нэг сая ам.доллараар үнэлсэн байна. Ерөнхийлөгчийн гэр бүл орлогынхоо чамгүй хувийг Сангийн яамнаас гаргасан бонд худалдан авахад зориулжээ. Эднийх J.P.Mоrgan Chase банкинд 500 мянгааас нэг сая ам.доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэг. 2011 онд Б.Обама гэргийн хамт 789 мянга 674 ам.долларын цалингийн орлого олж, албан татварт 162 мянга 74 ам.доллар өгчээ. Ерөнхийлөгчийн гэр бүл өнгөрсөн онд олсон орлогынхоо 22 орчим хувийг хүмүүнлэгийн 39 байгууллагад хандивласан байна. Үүнээс хамгийн их буюу 117 мянга 130 ам.долларыг Америкийн цэргийн алба хаагчид хийгээд тэдний гэр бүлийнхэнд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг “Fisher House” сан хүртжээ.
Х.ЭНХ