Либерийн Ерөнхийлөгч асан Чарльз Тейлорыг цэргийн онц хүнд гэмт хэрэг, хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж НҮБ-ын тусгай шүүх үзэв. AFP мэдээлснээр, хөрш Сьерра-Леоне дахь босогчдыг дэмжин зэвсгээр хангаж, тэгснээрээ тус улсын энгийн номхон ард иргэдийн эсрэг 10 жил террорист кампани өрнүүлэхэд хүргэсэн гэж Гаага дахь Олон улсын шүүх түүнийг буруутгажээ. Тейлор Хувьсгалт нэгдсэн фронтын террористуудын үйл ажиллагаанд тусалсныхаа хариуд үнэт чулуу авдаг байж. Гаагийн шүүх түүнийг нь “цуст алмааз” гэж нэрлэж. 64 настай экс Ерөнхийлөгчийг аллага, хүчирхийлэл, алан хядах үйл ажиллагаа, хүн хүнээ барьж идэх гэмт хэрэг болон Сьерра-Леонед зэвсэгт сөргөлдөө ний голомтыг асаасан зэрэг 11 зүйлээр буруутгасан байна. Түүний оролцоотой болсон иргэний дайнд 120 мянга гаруй хүн амь үрэгдсэн. 1997-2003 онд Либерийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад АНУ-ын шахалтаар суудлаа орхисон Тейлорыг 2006 онд Нигерид баривчилсан юм. Дээрх хэрэгт 100 орчим хүнийг гэрчээр дуудаж байцаасны дотор супер модель Наоми Кэмпбелл байсан. Наоми дарангуйлагчаас 1997 онд нэлээд хэдэн үнэт чулуу авсан тухайгаа мэдэгдсэн юм. Ч.Тейлорын үйлдсэн гэмт хэрэгт ямар ял ногдуулснаа Гаагийн шүүх тавдугаар сарын 30-нд зарлах юм байна.