Пакистаны эрх баригчид “Аль Каида”-гийн лидер асан Осама бин Ладены гэр бүлийн гишүүдийг өчигдөр Саудын Араб руу албадан гаргалаа. Террористын гурван бэлэвсэн эхнэр, хоёр охиныг тусгай нислэгийн онгоцоор хүргэхээр болсон тухай өмгөөлөгч Аамир Кхалил нь “Ройтер”-т ярьжээ. 2011 оны тавдугаар сарын 02-нд шилжих шөнө Америкийн тусгай албаны цэргүүд бин Ладеныг устгасны дараа түүний гэр бүлийн гишүүдийг саатуулсан. Тэднийг Осамагийн үхлийн талаар тодорхой тайлбар гарах хүртэл Пакистаныг орхин гарахыг хориглосон юм. Харин энэ оны гуравдугаар сарын эхээр Осамагийн эхнэр, хүүхдүүдийг албан ёсоор баривчилж, Пакистанд хууль бусаар оршин суусан хэргээр 45 хоногийн хорих ял оноосон. Ялын хугацаа дуусмагц тэднийг эх орон руу нь илгээж байгаа нь энэ аж.