Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг албанаасаа сайн дураар татгалзахыг Тунисийн Ерөнхийлөгч Монсеф аль-Марзуки уриалав. “Эрт орой хэзээ боловч энэ бүхэн болохдоо л нэг болно. Та болон таны гэр бүлийнхэн амьд мэнд байгаа дээрээ улс орноо орхих нь дээр. Өөрийн эрх тушаалд үхлээр цэг тавихаар шийдвэл гэмгүй мянга мянган хүний амийг танаас л нэхэх болно. Цус ч хангалттай урслаа шүү дээ” хэмээн Тунисийн Төрийн тэргүүн хэлжээ.
Түүний зэрэгцээ Сирийн гадаад дахь холбоотнуудад хаяглан зөвлөгөө өгөхөө мартсангүй. “Хэдийгээр Асадыг хамгаал саар байгаа ч Орос, Хятад, Иран энэ хүний цаг нь болсон гэдгийг ойлгох ёстой. Түүнийг огцорч, засгийн эрхийг орлогч доо шилжүүлэх рүү чухам тэд л түлхэх учиртай” хэмээн тэмдэглэжээ. Олон жилийн дарангуйллын засаглалыг 2011 онд ард нийтийн хувьсгалаар халсан арабын ертөнцийн анхны улс нь Тунис байсан.
Сириэс ялгаатай нь, Тунист засаглал шилжүүлэх үйл явц харьцангуй тогтвортой болж, түр парламент, Ерөнхийлөгчөө нэгэнт сонгоод буй. Төрийн тэргүүнээр томилогдсон Марзуки урьд нь тэрс үзэлтэн, улс төрийн хоригдол явсан нэгэн бөгөөд Сирийг орхино гэвэл Асадад улс төрийн орогнол олгоход бэлэн гэдгээ үүний өмнө илэрхийлсэн юм.