Осло хотын төвийн гудамжинд өчигдөр олон зуун норвег иргэн цуглаж, “Barn av Regnbuen” буюу “Солонгын хүүхдүүд” нэртэй хүүхдийн дууг нийтээрээ дуулжээ. Харилцан ойлголцол, энх тайван, ах дүүсэг ёсонд тэмүүлэх хүсэл эрмэлзлийн тухай, Норвегтоо алдартай энэхүү дууг тэд зүгээр ч нэг сонгоогүй аж.
Алан хядагч Андерс Брейвик уг дууг “марксист ухуулга” хэмээн шүүх хурал дээр хэлсэн юм байна. 77 хүний амиар гараа угаасан Брейвикийн үзэн яддаг дууг сонордуулж, тэгснээрээ алуурчны арьс өнгөөр ялгаварлах, шашны үл тэвчих үзэл санааг эсэргүүцэж буйгаа тэд илэрхийлэхийг зорьжээ.
2011 оны зун Ослогийн төвд дэлбэрэлт зохион байгуулж, улмаар хотын гаднах хүүхдийн зусланд хүмүүс рүү автомат буугаар шүршсэн гэмт хэрэг үйлдсэнээ Брейвик хүлээн зөвшөөрөөд байгаа юм.