Их Британид долоо хоног тутам уушны 50 газар хаагдаж байна гэсэн тооцоог “Red Flag Alert” консалтингийн компани хийжээ. Энэ оны I улирлын дүн 2009 оны эхний хагасын байдлаас (долоо хоногт 52 паб хаагдаж байсан) хол зөрүүтэй гарсангүй. Өдгөө тус улсад уушны газар, хөлбөмбөгийн клубүүд санхүүгийн хамгийн хүнд бэрхшээлт эй тулгараад буйг дээрх судалгаанд дурджээ.
2012 оны нэгдүгээр сартай харьцуулахад уушны газруудын санхүүгийн байдал бараг хоёр дахин дордсон аж. “Хөлбөмбөгийн клуб, бааруудын өмнө тулгараад буй хөрөнгө санхүүгийн хүндрэл аж үйлдвэрийн бусад аль ч салбартай жишихэд нийгмийн үр дагавар нь илүү ноц той байна” гэж судалгааны тайланд өгүүлж. Үндсэн хохирлыг тус салбар дахь албан татварын өсөлт дагуулж байгаа аж. Түүний зэрэгцээ дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлын нөлөөгөөр британичууд мөнгөө хэмнэж, хөлбөмбөгийн тэмцээнийг гэртээ үзэхийг илүүтэй сонирхох болсон юм байна.
2012 оны I улирлыг өмнөх жилийнх нь арваас арванхоёрдугаар сартай харьцуулахад уушны газар, бааруудад зарагдсан согтууруулах ундааны хэмжээ 27 сая литрээр багасч, дэлгүүрүүдэд энэ төрлийн бүтээгдэхүүний борлуулалт төдий хэмжээгээр өссөн үзүүлэлт гарчээ. Британийн шар айраг үйлдвэрлэгч, уушны газрын эздийн холбооны мэдээгээр, тус оронд 52 мянга орчим паб бүртгэлтэй байдаг гэнэ.