Ес хоногийн өмнө Кубад өмөн үүгийн эмчилгээ хийлгэхээр хөл тавьсан Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес өөрийг нь үхсэн гэх яриаг няцаахаар улсынхаа телевиз рүү утас цохижээ. Ясны хорт хавдрын хагалгаанд орсны дараа химийн туяаны эмчилгээ хийлгэхээр Хаванад очсоноосоо хойш ажин түжин суусан түүнийг нас барсан тухай цуурхал хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эх оронд нь дэгдсэн аж.
Венесуэлийн төрийн өмчийн VTV телесуваг руу залгасан Ерөнхийлөгч өөрийгөө амьд мэнд болохыг дуулгаад, “Энэхүү цуурхал бол миний эсрэг хийж буй сэтгэл зүйн дайн” хэмээн мэдэгджээ. 57 настай Чавест энэ оны хоёрдугаар сарын 26-нд хорт хавдрын давтан хагалгааг Хаванын эмч нар хийсэн юм. Үүний дараа тэрбээр хавдрын эсийн ургалтын эсрэг хэд хэдэн үе шаттай эмчилгээ хийлгэн, Каракас-Хаванын хооронд зорчих болжээ.
Кубийн эмч мэргэжилтнүүд түүний сүүжинд илэрсэн хорт хавдрыг анх 2011 оны зургаадугаар сард авсан байна. 1999 оноос эхлэн Венесуэлийн төрийн жолоог атгаж буй Уго Чавес хэдий эрүүл мэндэд нь хүндхэн асуудал тулгарсан ч ирэх аравдугаар сард товлосон Ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэдэгтээ итгэлтэй буйгаа мэдэгдсэн ажээ.