Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны 98 хувийг тоолсон дүнгээр, Социалист намаас нэр дэвшигч Франсуа Олланд 28.59 хувь, одоогийн Төрийн тэргүүн Николя Саркози 27.09 хувийн дэмжлэг хүлээлээ. Энэ тухай Дотоод хэргийн яамны мэдээнээс “Le Monde” сонины сайтад мэдээлэв. Гуравт “Үндэсний фронт”-ын лидер, хатагтай Марин Ле Пен 18.06 хувь, дөрөвт “Зүүний фронт”- оос өрсөлдсөн Жан-Люк Меланшон 11.11 хувийн саналаар тус тус бичигджээ. Марин Ле Пен өөрийн эцгийн үндэслэн байгуулсан намын тэргүүний хувиар сонгуульд хүчээ үзсэн бөгөөд хэт барууны үзэл баримтлалтай тус улс төрийн хүчин түүхэндээ анх удаа чамгүй амжилт үзүүлсэн нь анхаарал татаж байна.
Ийнхүү урьдчилан таамаглаж байсанчлан Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч эхний шатанд тодорсонгүй. Бусдаасаа хамгийн ахиу санал авсан хоёр нэр дэвшигч буюу Ф.Олланд, Н.Саркози нар тавдугаар сарын 6-нд болох хоёр дахь шатны санал хураалтад өрсөлдөхөөр тунав. Социологийн саяхны судалгааны дүнгээс үзэхэд, энэ шатанд сонгогчдын 54 орчим хувь нь Олландыг дэмжиж, үлдсэн 46 хувь нь Саркозийн төлөө санал өгөх төлөвтэй байна. Улиран сонгогдохоор нэр дэвшсэн Ерөнхийлөгч эхний шатандаа бүдэрсэн ийм тохиолдол 1958 онд Францын тавдугаар бүгд найрамдах улс засаглаж эхэлснээс хойших түүхэнд анхных нь болж байгаа аж.
Сонгуулийн кампанийн өдрүүдэд Н.Саркозийн эдийн засгийн талаарх бодлогыг хурцаар шүүмжилсэн ноён Олланд томоохон корпорацууд хийгээд жилд нэг сая еврогоос дээш орлоготой иргэдээс авах албан татварыг нэмэгдүүлэхээр амлажээ. Мөн цалингийн доод хэмжээг өсгөх, боловсролын салбарт 60 мянга гаруй багшийг хөлсөөр нэмж ажиллуулах, тэтгэврийн насыг зарим ажилтан, ажилчдын хувьд одоогийн 62-оос 60 болгон доошлуулах зэрэг саналыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн аж. Харин Н.Саркози Францын төсвийн алдагдлын томоохон цоорхойг багасгаж, тус улсыг татварын асуудлаар орхин гарч буй хүмүүсээс оногдсон татварыг нь авах арга хэмжээг амласан юм.
Цалин, тэтгэвэр, албан татвар, ажилгүйдэл энэ удаагийн сонгуульд сонгогчдын хамгийн их сонирхсон сэдэв болсон байна. Хэрэв социалистуудын удирдагч хоёр дахь шатанд ялбал тэрбээр Франсуа Миттеранаас хойш улс төрийн зүүний хүчнээс анх удаа сонгогдож буй Ерөнхийлөгч болно. Ф.Миттеран нь долоон жилийн хугацаатай Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хоёр удаа 1981-1995 онд хэрэгжүүлсэн юм. Ням гаригт болж өндөрлөсөн сонгуульд сонгогчдын 80,5 орчим хувь оролцсон хэмээн BBC мэдээлжээ.
Х.ЭНХ