Кибер аюулгүй байдлыг хангах, халдлагаас сэргийлэх, цахим орчны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хувийн мэдээлэл, хүрээлэн буй орчноо хамгаалах чиглэлээр бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх “Цахимд зөв байя” сургалтыг салбарын яамнаас үндэсний хэмжээнд зохион байгуулж дуусжээ. Тэгвэл тус сургалтын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохиомжит гэрэл зургийн уралдаан зарласныг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээлэв.
Сурагчдын энэхүү бүтээлүүдээр дамжуулан цахим орчинд үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хувийн мэдээлэл, хүрээлэн буй орчин, бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалахыг хүүхдүүдэд уриалах аж. Салбарын яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийнхний хамтран зохион байгуулж буй тус уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагч оролцох боломжтой. Бүтээлийг энэ сарын 11 хүртэл хүлээн авч, эхний гурван байрын шагналтныг тодруулах гэнэ.
Ингэхдээ уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын албан ёсны фэйсбүүк хуудсанд ирэх 17 хүртэл байршуулж, сонгон шалгаруулах юм байна.
О.ОРГИЛОХ