Хяналт, үнэлгээний үндэсний хорооноос өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Өнөрбаяр “Манайх яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль, шударга ёсыг сахиулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн байгууллагуудын ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд байгуулагдсан юм.
Тухайн онд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандсан 520 мянган өргөдөл, гомдол ирүүлснийг 98 хувьтай шийдвэрлэсэн байна. Энэ оны эхний улиралд 200 гаруй мянган өргөдөл, гомдол мөн бүртгэсэн. Биелэлт нь 93 хувьтай гэж гарчээ. Гэтэл иргэдийн ирүүлсэн эдгээр өргөдөл, гомдлыг нөгөө байгууллага руу шилжүүлснийгээ шийдвэрлэсэн гэсэн ангилалд багтаадаг зөрчил их болж.
Өөрөөр хэлбэл, иргэний асуудлыг бодит байдалд бус, цаасан дээр шийддэг гэсэн үг. Тэр дундаа төрийн байгууллагынхан цахимд байгаа мэдээллээ иргэдээс нэхэж шаардан, буцаадаг явдлаа зогсоох хэрэгтэй. Жишээ нь оюутнуудыг нийслэлд төрийн үйлчилгээ авах гэхээр орон нутгаасаа лавлагаа авч ир гэдэг. Гэтэл цахим системд үйлчлүүлэгчийн бүх мэдээлэл нь бүртгэлтэй, түүнийг нь тухайн ажилтан хараад л сууж байдаг. Цаашид бид төрийн үйлчилгээний иймэрхүү хүнд суртлыг арилгахад анхаарч ажиллана гэсэн юм.