Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал нөгөөдөр болно. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу тус шүүх хуралд иргэний хувиар ажиглагчаар оролцох хүсэлтээ нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн билээ. Тэгвэл Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн удирдлага, төлөөлөл, сэтгүүлчид өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хурлыг нээлттэй явуулах тухай хүсэлт хүргүүллээ.
Энэ тухай МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаяр “Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд албан ёсны хүсэлтээ өглөө. Үүнд МСНЭ, Монголын сайтын холбоо, Хэвлэлийн хүрээлэн, Монголын телевизүүдийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллага бүгд нэгдсэн. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурлыг салбараараа, Монгол орон даяар хүлээж байгаа. Бүгд адилхан мэдээлэлгүй байна.
Тийм учраас шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсэж байна. Сэтгүүлч хүнд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа эдлэх тодорхой эрх гэж бий. Бид сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй уулзах хүсэлт гаргасан боловч авч хэлэлцээгүй. Өнөөдөр (өчигдөр) өглөө авсан мэдээллээр сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлажээ. Төрийн нууц гэдгээс бусад бүх зүйлийг ил гаргаач гэж хүсэж байна. Энэ сарын 7-нд товлосон шүүх хурал нээлттэй болно гэдэгт бид итгэлтэй байна” гэв.
Ч.БОЛОР