Сүү өргөж ерөөж байгаа бол энэ эх орон
Аав, ээж шиг ачлалтай санагдвал энэ эх орон
Ээждээ үнсүүлсэн шиг тайтгарч байвал энэ эх орон
Нэгэн нэрт яруу найрагч ингэж бичсэн нь сүүлийн үед ихэд бодогдож, бидний эх нутаг болсон, жанжны нэрэмжит Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төв Гүн булагаа дурсмаар санагдлаа. Ялангуяа нутаг нэгт нөхдийнхөө сонорт хүргэхийг хүссэн юм.
Гүн булагт минь жанжны төрөл төрөгсөд амьдарч байлаа. Аймагт анхных болох цээж баримал хөшөөний сууринд орон нутаг дахь ясан төрлийнх нь хамгийн ойрын хамаатан аав Т.Ганжуурынхаа хамт би хадаг, цай тавьж, сургуулийн алтан босго алхсан. Мөн Ханангийн усаар ундаалж, Гүн булагийнхаа усанд нүүрээ тольдож, алаг даагаа усалж, Өндөр довын худагт ойртохоос баахан гэрэвшиж явсан хүүхдийн хувьд бяцхан дурсамж бичихээр зориглосон минь энэ.
Сүхбаатар сум урьд нь Халхын Сэцэн хан аймгийн Ёст бээсийн хошуу нэртэй байжээ. Ёст бээсийн хошуу Ардын засгийн эхний жилүүдэд Хан Хэнтий аймгийн Баянмөнх уулын хошуу нэртэй болж, тэргүүн зэрэгт тайж Доржжав, Уламбаяр зэрэг ихэс дээдэс захирч байсан түүхтэй. Сум маань Дорнод аймгийн Жавхлант шарга нэртэй ч явсан түүх бий.
Монголын хувьсгалын анхны зохион байгуулагч, бүгдийг удирдан захирагч жанжин Д.Сүхбаатарын дурсгалыг мөнхжүүлж, аав, ээжийнх нь уусан ус, суусан нутаг Жавхлант шарга аймгийн Жавхлант шарга сумыг Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1943 оны хоёрдугаар сарын 20-ны 05 дугаар тогтоолоор Д.Сүхбаатарын нэрээр нэрлэхээр тогтсон юм билээ.
Жавхлант шарга (Сүхбаатар) сумын даргаар Ц.Дэлхийцэцэг, Б.Баатар, Пүрэвжав, Нүржав, Д.Даваажав, Г.Гомбо, Ш.Товуу, Б.Цэгмэд нар ажиллаж байсан нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэж үлдсэнийг бид мэднэ.
Гүн булаг маань Таван толгой, Зүрх, Хуримт, Хундар, Ханан, Баруун болон Дунд урт, Баян гол, Хашаат, Цагаан эрэг, Тал булаг, Амгалан, Чигчийт, Төмөртэй, Шарга, Арын нуур зэрэг өөр өөрийн онцлогтой уул, хангай, ус нуурынхаа дунд цэцэглэн хөгжиж байсан санагдана.
Миний төсөөллөөр тэр үеийн Гүн булагт жанжны хөшөө, улсын төсвөөр барьсан бага сургууль, эмнэлэг байв. Мөн дөнгөж бариад байсан сум, нэгдлийн контор, Худалдаа бэлтгэлийн анги, хүн зон бужигнасан Улаан булан, сүү, тосны завод зэрэг албан байгууллагатай, аймгийн төвөөсөө 28 километрийн зайтай, Сүхбаатар, Дорнодын төв зам дагуу оршдог, цэвэрхэн, тохилог сум байсан даа.
Манай сум Жунжаа Дуламсүрэн, Авьяа Шарав, Э.Шарав, Сэрээнэн Лувсан, Д.Равдан, О.Намжим, Лхүндэв, Сээ Доной, Рэгзэн, Наваан Шарав, өндөр Сэдэд, Зааны Цэгмэд, Гончиг, Ганган Намсрай, Шараварилд, Дүнгийн Дамбий, Намжил, Банзрагч, Лончиг, балигаа Шарав, бүлтэн Самдан, улсын начин Л.Дашдаваа, Ж.Чулуун, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, Номун хан гэвш, лхарамба Д.Жавзандорж, хамба Д.Даваажав, Н.Цамбанүрдэв, Гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүр, зохиолч Б.Энхбат, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Л.Найдан, хурандаа Н.Чулуунбаатар, Ц.Хүрэлсүх, Ш.Баасанжав, Э.Мөнх-Оргил (миний хүү), Дорнод талын алтан гургалдай Ш.Ичинхорлоо, Улсын дээд шүүхийн дарга асан Ч.Ганбат, нэрт сурган хүмүүжүүлэгч, намын их хурлын төлөөлөгч В.Дулмаа, Ш.Жигжиднамхай, М.Миеэ, их эмч М.Мижээ, Амаржаргал нарын уугуул нутаг, ах, дүү, төрөл төрөгсдийнх нь өлгий болохоор бидний сэтгэл зүрхний гэгээ байхаас яах вэ дээ.
Миний хувьд Гүн булагтайгаа их азаар, хувь тавилангаар, сонин түүхээр холбогдсон азтан. 1952 онд би Сэлэнгэ аймагт өнөр өтгөн айлд төрөөд, Сүхбаатар аймагт үрчлэгдсэн нэгэн. Намайг өргөж авсан аав Т.Ганжуур жанжны гэргий С.Янжмаатай ханилсан хүн. Тэд хүүхэд өргөж авах тухай ярилцсанаар би буйраа сэлгэсэн юм билээ. Энэ тухай “Жанжны голомтод үрчлэгдсэн хүн”, “С.Янжмаагийн өргөмөл хүү” гэх мэтээр сэтгүүлчийн бичсэн нийтлэл олон бий.
Нийтлэлийнхээ түүхэн хэсгийг өндөрлөе. Өөртэйгөө холбоотой зарим зүйлийг энд дурдъя. Миний бие I ангид хамба Д.Даваажав, улсын алдарт уяач Б.Усны-Эх, бага эмч Ш.Дуламсүрэн, Н.Бямбаа, Я.Баасанжав, Д.Балчиндовдон, Ш.Сувд, Цэдэн, Ц.Бор, Ц.Мажигсүрэн, С.Бадарч нартай тохой нийлүүлэн, ээжийнхээ төрсөн дүү В.Дулмаагийн ангид дунгийн үлээлтээр хичээлдээ ирдэг байлаа. Тэр үед манай сургуульд Лхасүрэн, Д.Тэрбиш, Ш.Банзрагч, Б.Гомбодорж (гэлэн) нар багшилж байв.
Өчүүхэн би бээр ангийн даргаар сонгогдож, таван онцын болзол хангаж, найз нараа удирдах эрхтэй ч болж явлаа. Тэр үед бидний хүндэлдэг дээрх ахмадууд болон В.Молом, Халтарбаатар, Ш.Товуу, Ш.Гомбожав, Ш.Жигжид, Б.Жигжид, Бужгаа Дандар, эмч Жанцан, сувилагч Даариймаа, асрагч Цээсүрэн, сувилагч Ш.Дулмаа, Даваа, Л.Должинсүрэн, Г.Баатарсүх, Т.Тоня, Лувсангийн Рина, Жигжид, Саваан өвөөгийн хүүхдүүд, бор Б.Намсрай нар нутагт минь байсан даа.
Аав маань тэр үед малын санитарч гэж мэргэжлээр ажиллаж, мал угаах ванныг Өндөр довын худгийг түшиглэн байгуулсан. Би ч үеийн нөхөдтэйгөө үүнд манлайлан оролцож, хонь, ямаа угаах ажилд хүчин зүтгэдэг байлаа.
Хүүхэд бидний өөр нэг сонирхолтой ажил бол адуу бэлтгэл. Бид адуу хураах, ороо морьдыг хөөж ойртуулах үүрэг хүлээнэ. Мөн нэрт адуучин, уургач Соном, Лувсандорж, Адилбиш, Дашдондог, хазгар Дорж, Ганжуур нарын морь уургалах, булгиулахыг харж баясдаг байв. Би эдгээр буурлыг хүндлэхээс гадна Чөгөөн Зундуй, Шарын Готов, өндөр Батбаяр, хормой Дондов, Сүхийн Чойжин, Тасдаабазар, тахир Моонон зэрэг ах нараас бяцхан жийрхдэг байв шүү.
Манай Гүн булагийг аймгийн мал бэлтгэлийн бүх суурь дайрч өнгөрдөг тул хөл хөдөлгөөн ихтэй, түм түчигнэж, бум бужигнасан газар байлаа. Түүнчлэн Дорнод, Сүхбаатар аймгийн төв зам дагуу оршдог учир шатахуун тээврийн машинууд өдөр, шөнөгүй цувдаг байсан сан.
Аав минь морь уургалах, морины дэл засах, үрээ, хурга, бяруу хөнгөлөх, морины судас хатгах, уурга заах, сур элдэх, зүсэх, хуйв эрчлэх, хөгшдийн үсийг хусах, хонь муулах зэргийг гарамгай хийдэг байлаа. Одоогоор бол гоц авьяастай, гарамгай сэтгэгч, алтан гартан байснаар нь бахархдаг.
Худалдаа бэлтгэлийн ангийн Гүн булагийн агент, ээжийн минь дүү В.Молом, Халтарбаатар, хөөрхий Дамдин нарынхаа хүүхдүүдтэй уулзаж хөөрөлдөх нь хамгийн баяр жаргалтай үеүдийн нэг байв. Учир нь бид тэр үед олдохгүй шахам танзуур, нархамба, нандин чавга, алим, төрөл бүрийн чихэр, хатаасан борцоор тансаглаж явсан.
1964 онд манай Сүхбаатарыг Дарханхаан сумтай нэгтгэж, Сүхбаатар хэмээн нэрлэх шийдвэр гарч байв. Түүнээс хойш хүн ам өсөж, мал сүрэг нь нэмэгдэн, цэцэглэн хөгжиж, саяхан 100 жилийн тэгш ойгоороо Сүхбаатарын одонгоор шагнагдсан нь ховор тохиох үйл явдал. Ингэснээр Монгол Улсын анхны Сүхбаатарын одонтой сум боллоо.
Гүн булаг минь тэр үед орон нутгийн удирдлагын анхаарлын төвд байсан учир адууны хоршоолол, сүрьеэгийн эмнэлэг, бригадын төв болно гэсэн яриа гардаг байсан ч талаар болсонд харамсаж явах юм.
Саяхан би УИХ-ын гишүүн У.Отгонбаярын хамт орон нутгаараа явж, тухайн үед ажиллаж байсан боловсрол, соёлын хэлтэс, Хүүхэд, залуучуудын эвлэлийн хороо, 10 жилийн сургуулиараа орж, шавайгаа ханатал хөөрөлдөөд ирлээ. Ядмагхан нийтлэгч миний бие Нутгийн зөвлөлийн захиалгаар 10 шахам ном тэрлэхдээ Гүн булагаа дурсан санаж, аль болохоор оруулахыг зорьж бичсэн санагдана.
Наран ургах чигт Гүн булаг маань оршсоор байна. Зүрх сэтгэлийн гэгээ Гүн булагтаа жилд нэг удаа очиж байгаарай гэж нутгийн зон олондоо хэлмээр байна.
Г.Энхтайван Сумын хүндэт иргэн