Жилээс жилд цаг бусын үхэл нэмэгдэж, бид хайртай дотнын хэн нэгнээсээ хагацдаг гэсэн судалгаа байдаг. Гэвч манайд хүнийг амиа хорлохоос урьдчилан сэргийлэх үндэсний цогц бодлого гэж үгүй. Өөрөөр хэлбэл, төр үүнийг багасгах, урьдчилан сэргийлэх стратеги боловсруулаагүй өнөөдрийн хүрсэн гэсэн үг. Өнөө жил харин Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийнхөн амиа хорлохоос урьдчилан сэргийлэх стратеги боловсруулж, өдгөө батлуулах шатандаа яваа ажээ.
Амиа хорлох нь олон шалтгаантай. Нийгмийн бухимдлаас авхуулаад ядуурал, ажилгүйдэл, архидалт, мансуурал дээрх эрсдэлийг үүсгэх хүчин зүйл болдог. Өөр голлох хүчин зүйлс нь гэр бүл салалт, гэр бүл доторх таагүй уур амьсгал, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүмүүжил гэдгийг СЭМҮТ-ийнхөн онцоллоо. Тодруулж хэлбэл, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх нь дан ганц СЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн хийх ажил бус, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын анхаарал асуудал хэмээсэн юм.
Нээрээ л Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан нийгмийн энэ ужгирсан ноцтой асуудлыг таслан зогсооход, урьдчилан сэргийлэхэд гар бие оролцох нь битгий хэл, тоож анхаардаггүй, ойшоож үздэггүй. Гэтэл гэр бүл салалт, гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй амиа хорлолт ихэссэн нь нууц биш.
Нөгөөтээгүүр амиа хорлохоос урьдчилан сэргийлэх нь хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг. Тиймээс сурвалжлагч амиа хорлосон талаар мэдээлэхдээ болгоомжтой хандах ёстойг СЭМҮТ-ийнхөн анхааруулсан. Тухайлбал, мэдээний гарчгаа “Амиа хорлож, нас барав” гэж бичих нь туйлын буруу. Шаардлагатай тохиолдолд дунд нь бичих ёстой гэнэ. Харин үүний оронд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг түлхүү бичих, урьдчилан сэргийлэх нийтлэл, ярилцлага, мэдээлэл оруулах нь нийгэмдээ илүү тустай аж.
“Сэтгэцийн эрүүл мэнд” гэж хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг хэлдэг. Тэгвэл, хүн амын сэтгэцийг эрүүл байлгахын төлөө ам бүл 80-уулаа СЭМҮТ-ийнхэн дангаараа ажиллаж байна. Даанч чамлалттай. Тэд 80-уулаа хэр нь нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нийт иргэд буюу 3.4 сая хүн амд үйлчилдэг. Гэтэл нийгэмд сэтгэцийн эмгэг нэмэгдсээр, амиа хорлогчдын нас залуужсаар байгаа нь эмгэнэлтэй. Тиймээс аймгуудад, нэн ялангуяа нийслэлд Стресс бууруулах төвүүд хэрэгтэй байгаа юм билээ.
Өнөөдрийн байдлаар 1800-2000 дугаарын утас маш ачаалалтай ажиллаж буй. Ирж буй дуудлагын 90 хувь ахуйн хүрээний архидалттай холбоотой. Хэвтэн эмчлүүлж буй өвчтөнгүүдийн дийлэнх нь солиорлын түвшинд очсон хий, хоосон зүйл хардаг, хашхирдаг, үсчиж цамнадаг хүмүүс аж. Мөн мөрийтэй тоглож бүхнээ алдсан, сэтгэл гутралд орсон хүмүүс ч цөөнгүй. Эдгээр хүмүүс л СЭМҮТ-ийн орыг дүүргэж буй. Эцэст нь тэмдэглэхэд, бидний ирээдүй болсон хүүхэд залууст мэргэжлийнхэн хүрч ажиллах хүн хүч дутсаар, санаа зовнисоор байгаа юм билээ.
Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой: Урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, мэдээлэл бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгоход салбар хоорондын нягт уялдаа холбоо чухал үүрэгтэй.
Нийгэм болон хувь хүний түвшинд амиа хорлох, амиа хорлох оролдлогоос урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй зарим арга хэмжээ:
- Амиа хорлох арга хэрэгслийг багасгах (тухайлбал, галт зэвсгийг хориглох);
- Амиа хорлосон тохиолдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариуцлагатай байдлаар мэдээлэх;
- Амьдралд тохиолдох аливаа стресс, тулгамдсан асуудлыг даван туулах чадварыг өсвөр үе, залуу хүмүүст олгох;
- Сэтгэцийн болон мансууруулах, сэтгэц идэвхтэй бодис хэрэглэх эмгэг, архаг өвдөлт, стрессийн гаралтай цочмог сэтгэл хөдлөлийн эмгэгтэй хүмүүсийг эрт илрүүлэх, эмчлэх, асрах, дэмжлэг үзүүлэх.
Стресс тайлах энгийн аргууд: