“Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан чихэнд чимэгтэй нэгэн үйл явдлаар нийтлэлээ эхлүүлэх гэж байна. Зэвсэгт хүчин өнөөдөр залуу нас, хөдөлмөр бүтээлээ зориулсан бүрэлдэхүүнээ цэргийн тэтгэвэрт гарахаас өмнө иргэний мэргэжил эзэмшихэд нь онцгой анхаарч, нийгэмд ажил мэргэжилтэй байхад нь бүх талын дэмжлэг үзүүлж байна. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний хүний нөөцийн бодлого” баримт бичгийн хүрээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд цэргийн тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн офицер, ахлагч нартаа тодорхой хугацааны цалинтай чөлөө өгч, мэргэжил эзэмшихэд нь тусалж байгаа хэрэг. Нэгтгэл, ангиуд дотооддоо ярилцаж шийдвэрлээд голчлон 3 хүртэлх сарын чөлөө өгч байгаа гэх судалгаа байна.
ЗХЖШ-ын даргын энэхүү тушаалыг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангид хамгийн идэвхтэй хэрэгжүүлж, эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн бүрэлдэхүүнээ энгийн мэргэжлээр нийгмийн амьдралд орж ажиллахад нь орон нутгийнхаа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтарч байна. Яг одоо гэхэд цэргийн тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн бүрэлдэхүүнээс хэд хэдэн офицер, ахлагч нар нийгэмд эрэлттэй мэргэжил эзэмшиж байгаагаас нэр заавал сургагч ахлагч Б.Цацрал (016), ахлах ахлагч Ц.Энхбат (186) нар. Энэ удаагийн дугаарт Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн артиллерийн тагнуулын удирдах батарейн салаан захирагчийн орлогч ахлах ахлагч Цогбадрахын Энхбатыг онцолж байна. Тэрээр Зэвсэгт хүчинд 24 жил алба хааж байгаа бөгөөд 2025 онд цэргийн тэтгэвэртээ гарахаар төлөвлөжээ. Үүнээс урьдан нийгэмшүүлэх чөлөөгөө авч, ангийнхаа тэргүүн ахлагч Л.Мөнх-Эрдэнийн холбож өгсөн МСҮТ-д өнгөрсөн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгааны тоног төхөөрөмжөөр дагнан суралцаж байгаа юм байна. Мэргэжил нь 1 жил хүртэлх хугацаанд суралцах учир чөлөө өгсөн 3 сардаа хичээлээ сайн судалж, бусад саруудад нь ажил албаа гүйцэтгэнгээ бие даан суралцах гэнэ.
Энэ талаар ярихдаа “Цэргийн тэтгэвэрт гарч байгаа бидэнд ийм сайхан боломж байгаа олгож байгаа явдалд маш их баярлаж байна. Би их буучин хүн л дээ. Миний бахархалт ажил. Цэргийн албанд энэ хамгийн чухал мэргэжил. Харин нийгэмд их буучин хүн юу хийх вэ. Үүнийг мэдэрч, ойлгож “Та сураад ир” гээд явуулсанд талархах ч багадна. Би гэдэг хүн цахилгааны талаар төдийлөн мэддэггүй байж. Гэрийнхээ ч цахилгааныг хүн дуудаад янзлуулчихдаг нөхөр. Гэтэл энэ мэргэжлээр суралцаж эхэлсэн цагаас хойш цахилгаанчин гэдэг энгийн атлаа бусдад буянтай сайхан ажил юм байна гэдгийг ойлгож авлаа” гээд өөрийгөө танилцуулав. Тэрээр 2000 онд ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг дүүргэж, 2001-2011 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид, 2011-2013 онд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд, 2013 оноос эргэн төрөлх ангидаа алба хааж байгаа ажээ. Энхийг сахиулах ажиллагаанд 4 удаа үүрэг гүйцэтгэсэн, төр засгаас хүртсэн хамгийн хүндтэй шагнал нь Цэргийн хүндэт медаль. Түүний гэргий Э.Ариунтунгалаг цэцэрлэгийн багш бол том хүү Э.Төгөлдөр уурхайд ажилладаг, дунд хүү Э.Дөлгөөн сурагч, бага охин Э.Ариун-Эрдэнэ цэцэрлэгт явдаг байна. Ахлах ахлагч Ц.Энхбат цэргийн хүний ёсоор том хүү Төгөлдөрөө Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн албыг нь хаалгасан, дунд хүүгээ нас биед хүрэхээр нь цэргийн албанд нь мордуулна гэнэ лээ.
Өдгөө эзэмшиж буй мэргэжлээ тэрээр нийгэмд хаана ч ажиллах боломжтой эрэлттэй ажил хэмээн тодотгож, залуусын дунд орж суралцах нь нэг талын сэргэлт юм. Тэтгэвэрт гарлаа гэж бодохоор хөгширсөн юм шиг мэдрэмж авдаг бол ажлаасаа түр хөндийрч ингэж суралцаж, нийгэмд цэргийн албанаас гадна олон хүрээлэл хүлээж байгааг мэдрэх сайхан байна гээд хичээлдээ орохоор явах болсноо дуулгав. Учир нь түүний хичээл танхимаар энэ цаг үед үргэлжилж байгаа ажээ. Ахлах ахлагч Ц.Энхбат 11 дүгээр сар хүртэл суралцаад, ангидаа эргэн албаа гүйцэтгэнэ. Мэдээж тэрээр цахилгаанчин мэргэжилтэй болоод очно. Ийм л боломжийг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд цэргийн тэтгэвэрт гарч байгаа бүрэлдэхүүндээ олгосоор байгаа нь энэ билээ.