Энэ оны эхний долоон сард 15 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Тэр дундаа өнгөрсөн сард хоёр хүн ХДХВ-ийн халдвар авсан нь батлагдсан аж. Энэ онд илрүүлсэн тохиолдлууд нь өмнөх жилийн мөн үеийнхээс гурваар нэмэгдсэн бөгөөд бүгдийг нь Улаанбаатар хотод илрүүлжээ. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 383-т хүрээд буй юм. Уг өвчний улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй гэнэ.
Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сард бэлгийн замаар дамжих халдварт өвчний 6093 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 27.5 хувийг эзэлсэн байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 56-гаар нэмэгджээ. Энэ төрлийн халдварт өвчний 45.8 хувийг тэмбүү, 33 хувийг заг хүйтэн, 20.9 хувийг трихомониаз эзэлсэн аж. Тэр дундаа тэмбүүгийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 422 тохиолдлоор нэмэгдсэн гэнэ. Бүс нутгаар нь авч үзвэл Өмнөговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорнод аймаг болон Улаанбаатар хотод тэмбүүгийн өвчлөл улсын дунджаас өндөр байна.
Бэлтгэсэн М.Оч